Татварын өршөөлд хамруулах хугацааг сунгана

2015 оны 12 сарын 24

УИХ-ын чуулганаар нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 84.5 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төсвийн байнгын хороо нь одоо үргэлжлүүлэн хуралдаж уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийн, чуулган руу оруулж ирэх үүрэг авлаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн өөрчлөлтөөр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хуулийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хооронд болсон зарим яриаг хүргэе.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Бэлэглэлийн гэрээ ч татвартай. Журамт үүргийг биелүүлэх дээр цаашдаа юу хийх вэ. Ийм эрх зүйн зохицуулалт тусгаж өгөхгүй бол тогтмол татварын өршөөлийн хууль батлах болж байна. Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн гэж хэвлэлээр бичсэн байсан. Өргөдлөө өгсөн үү, өгөөгүй юу. Хугацаа яг баталгаатай юу. Хоёрдугаар сарын 20 гэсэн нь. Дахиад хугацаагаа сунгая гээд ороод ирэх юм биш биз. Сайд С.Баярцогт офшор дансан дахь мөнгөө мэдүүлсэн үү. Гадаадад хэчнээн хэмжээний хөрөнгө байна вэ. Тэр орж ирж байна уу. Улсаараа ядуу байна гэдэг ч 6.1 их наяд төгрөг ил болсон байна?”

Сангийн сайд Б.Болор: “Юу ч гэж хариулах ёстойг мэдэхгүй байна. Сонин, сонин юм асуух юм. Б.Ариунсан даргын асуудал үүнд ямар хамаатай юм. Гишүүдийг хавар эмнэлгийн үзлэгт хамруулдаг, О.Баасанхүү гишүүнийг оруулах цаг нь болж... Чуулганд орж ирэхээрээ хачин, хачин юм ярих юм. Нийгэмд маш буруу ойлголт төрүүлэхээр юм ярьж асуугаад байна.”

УИХ-ын дарга З.Энхболд: “Хуулиа ерөөсөө уншаагүй байна.”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Манай Болор сайд хурц хэлбэрээр байр сууриа илэрхийлчих шиг боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль руу хууль хяналтын байгууллага хавьтах ёсгүй. Татвар элдэв юмаар зовоохгүй. Үүнээс хойшоо асуудал гарвал хар толгойгоороо хариуцна гэсэн хууль. Ийм ач холбогдолтой хууль дээр тулга тойрсон хэрүүл битгий хийгээд бай.”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Авлигыг чинь ил болгоод байгаа бол уучлаарай. Энэ жил татвар авахгүй байж болно. 6.1 их наяд төгрөгөөс ирэх жил татвар орж ирэх юм уу гэдгийг би асууж байна.”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Түрүүн Н.Энхбаяр гишүүн асуухад хэлсэн, анализ хийж байна. 2007 онд батлагдсан хуулиар татвар, нийгмийн даатгалаар хамрагдаж байсан. Энэ удаагийн хуулиар 5-6 салбарыг хамарч байна. 2007 оны хуулийн хүрээнд 2008 онд төсөвт асар их хэмжээний орлого орж ирсэн байгаа. 2016 онд татварт орлого төвлөрнө. Та түрүүлж асуугаад байна.”

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “6.1 их наяд төгрөгийн орлого ил боллоо гэж байна. Шинэ хөрөнгийн асуудал яаж гарч байгаа вэ. Төрийн албан хаагчдын зүгээс асуудал ихээр тавьж байна. Хамрагдах боломж алга гээд. Энэ асуудлыг яах вэ?”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Төрийн албан хаагчдын тухай яригдсан. Хэрвээ УИХ-аас тодорхой чиглэл өгвөл Засгийн газар асуудлыг ярьж болно. Энэ удаад бид хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлаа дангаар нь оруулах нь зөв гэж үзсэн.”

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: “38 мянган төрийн албан хаагчийн асуудал яригдаж байгаа. Хуулийн зөрчилтэй байгаа учраас тэд хамрагдах боломжгүй байна.”

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хууль үйлчлэх хугацаанд олон иргэн, аж ахуйн нэгжийг хамруулахад холбогдох байгууллагууд анхаарч ажиллах. Ингэхдээ хуулийн үр шимийг олон нийтэд сурталчлан таниулах нь чухал болохыг онцлов.

Татварын ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр арванхоёрдугаар сарын 16-ний байдлаар 6.1 их наядын хөрөнгө, орлого ил болоод байгаа.

Чуулганы нэгдсэн хуралдааныг одоо завсарлуулаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна