МАН-ын генсек Ж.Мөнхбатыг баривчилах уу

2015 оны 12 сарын 24

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн бор шувуу нисч эхэллээ

Сүүлийн үед шил шилээ даран шуугиан тарих болсон дуулиант хэргийн баривчилгаанууд бол Ерөнхий сайдасан Н.Алтанхуягийн зөвлөх, сайд асан Гансүхийн "Нүүрс" хөтөлбөртэй холбоотой 4 тэрбумын, мөн түүний хүргэн хүү Дэнзэнгийн 17 тэрбумын, Женко Баттулгын хуурай дүү болох Батзаяагийн төмөр замын 84 тэрбумын, МАХН-ын дарга Н.Энхбаярын "оймсны хүн" гэгддэг МАХН-ын генсек Г.Шийлэгдамбын хагас тэрбумын зэрэг хэргүүд юм. Эдгээр хэргүүдийн сураг намжаагүй байтал МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барьж магадгүй гэсэн бор шувуу нисч эхэллээ.

Дээрх хэргүүд аль хэдийн илэрч, тодорхой болон тогтоогдож том дарга нарын өрөөнд дараастай байсан, харин хэзээ барьж хорихыг тэд анаад хүлээж байсан гэдэг яриа хэвлэлийнхэнд хурдтайгаар тарж эхэлсэн. Энэ үнэн бол уг хэргийн ард дандаа улстөрчид, тэр тусмаа нөлөө бүхий лидерүүд байгаа учраас өрсөлдөгч "томчууд" нь эгзэгтэй цагийг хүлээж өөрсдийгөө хамгаалах бамбай, өрсөлдөгчөө дарах зэвсэг болгож ашиглахаар зэхэж байсан, тэр зорилгоо ч биелүүлсэн гэсэн үг.

Нээрээ ч Н.Алтанхуягийн хүргэн, зөвлөхийн хэрэг аль хоёр жилийн өмнө яригдаж байсан чмань эр нам доторх фракцуудынхаа эсрэг, намын удирдлагынхаа эсрэг хөдөлж эхэлсэн үеэс дээрхи хоёр хэрэг өндрөө авч ял сонсох хэмжээнд хүрсэн. МАН, МАХН-ыг нийлж эвсэл байгуулан сонгуульд орохыг ахмадууд нь шаардаж өргөх бичиг барьсан өдрийн орой нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг албан өрөөнөөс нь яаралтай баривчилсан. Хоёр намын эвсэн нэгдэх тухай яриа манай нэг, хоёр хүнийг сандаргасан нь дамжиггүй гэсэн жиргээ, мэдээлэл цахим хуудсуудыг дүүргэх болсон.

Тавантолгойн гэрээг УИХ-д танилцуулалгүй нууцаар хийж MCS-г дэмжин, манайхыг жийлээ хэмээж Засгийн газрын гэрээг гацаалгасан Женко Баттулга сүүлийн үед дөч гаруй гишүүний гарын үсэгтэй шинэ гэрээний төсөл барьж гүйх болсон тул гурав дахь хүний зүгээс түүнийг сахилгажуулж томоотой байлгах хэрэг гарчээ. Ерөнхий сайдын удирдлаган доор байдаг цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, төрийн нарийн бичгийн дарга асан Батзаяагийн төмөрзамын хэргийг босгож ирсэн нь ийм учиртай гэж хэвлэл, цахим ертөнцөөр шуугиж байна.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг барих болсон шалтгаан нь арай өөр гэнэ. Учир нь тэрээр эрх баригчдыг хатуу шүүмжилж, сонгуулийн хуулийг батлахыг шаардсан жагсаал зохион байгуулж, луйврын хармашиныг шатаан, бүр үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Сонгуулийн хуулийг өөрчлөх улстөрийн намуудын ажлын хэсгийг тэргүүлэн хуулийн төсөл боловсруулж, улстөрийн намуудын үндэсний зөвшилцлийг удирдаж, Засгийн газрыг огцруулах бичигт бүлгийн гишүүдээ шахан гарын үсэг зуруулж, иргэний хөдөлгөөн, намуудын улстөрийн суултыг зохион байгуулж байгаа зэрэг олон асуудал түүнийг баривчилах шалтгаан болсон бололтой. Ноёнтой тэрсэлдсэн хүн толгойгүй болдгийн үлгэр дахин давтагдахуу гэдэг хэсэг хугацааны дараа тодорхой болох байх. Казино тоглож явсан, олон хүүхэнтэй орооцолдож байсан гэхээс өөр сөрөг имижгүй Ж.Мөнхбатад харин тохчих хэрэг олдохгүй болохоор жагсаал цуглаан дээр нь өө сэв хайж байгаад барих төлөвлөгөө боловсрогдож байгаа бололтой.

Ерэн дөрвөн жилийн түүхтэй ланжгар том намыг гучин дөрөвхөн настай "хүү" яаж удирдаж чадах юм бэ гэсэн үг түүнийг МАН-ын генсек болж байхад сонсогдож л байсан. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр монголын улстөрийн нэгэн тод өнгө, нэгэн өвөрмөц дуу хоолой болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. МАН-аас орон даяар зохион байгуулсан Бид хамтдаа аян, Бид хамтдаа үндэсний форум, Үндэсний зөвшилцлийг санаачлан зохион байгуулж удирдсанаар тэрээр өнөөдөр монголын улстөрийн хорь гаруй намууд болон иргэний нийгмийн байгууллагуудад хамгийн ихнөлөөтэй хүн болж хувирсан. Мэдээж АН-аас бусдад нь шүү дээ. Гэхдээ АН, МАН-ын хоёр генсек хоёуулаа Архангайнх, бүр нэг сумынх. Тэгэхээр хөшигний цаана уулздаг гэдэг нь ойлгомжтой. Хаалттай, хөшүүн, удаан МАН түүний удирдлага дор өдрөөс өдөрт нээлттэй, уриалгахан, хурдтай нам болон хувирч байгаа нь үнэн. Түүний ард Ардын намын шинэ үеийн бүхэл бүтэн арми жагсч байгаа нь бас нууц биш. Саяхан болсон МАН-ын бага хурал эв нэгдлээ хангаж, дотоод асуудлуудаа цэгцэлж чадсанаар тус нам хүчээ нэгтгэн сонгуулийнхаа бэлтгэлд шуудрахад тэрээр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж намын нөхөд нь дүгнэж байналээ.

Г.Уянга гишүүний албан бланк дээрх Ерөнхий сайдыг огцруулах бичгийг сугавчилчихсан төрийн ордоор гишүүдийн өрөөгөөр хэсч гарын үсэг зуруулан 17 болгосон, УИХ дахь намын бүлгийн хурал дээрээ Засгийн газрыг огцруулах цаг болсон, улстөрийн шийдвэр гарга хэмээн бүлгээ шахаж байгаа гэсэн сураг төрийн ордны зүүн жигүүрийнхнийг сандралд оруулсан нь дамжиггүй. Харин тэрээр сүүлийн үед ордны баруун жигүүрийн цонхон доор гэр барьж, УИХ-ын даргыг луйврын хар машинаа шударга болгож сонгуулийн хууль өөрчлөхийг шаардан суулт зарлах болсон нь ордны баруун жигүүрийнхэнд тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой. Ордон дотор ч, ордны гадаа гудманд ч улстөрийг ингэж хийдэг юм гэдгийг тэрээр улстөрчдөд заах болсон гэвэл буруудахгүй л болов уу. Ямартай ч тэрээр шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан хийж, гэр барин улстөрийн суулт зохион байгуулж, намын бүлгээ ажил хаялт зарлуулсны хүчинд өнөөдөр төрийн ордонд сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ бүхнийг яаж амжуулдаг юм бол гэмээр хэтэрхий хурдтай, зоримог ажиллагаанууд нь эцэстээ түүнийг баривчилж зогсоохоос өөр аргагүйболсон ч байж магадгүй.

Ж.Мөнхбатыг хурданзогсоохгүй бол болохгүй хэд хэдэн чухал асуудал үүсээд байгаа нь тэрээр Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол улстөрийн намуудын акцуудыг 21 аймгийн төвд эхлүүлэн, үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж, төрийн гурван өндөрлөгийн чучилээр сор залж, "луйврын сонгуульгүй-луйварчин төргүй монголын төлөө" УИХ-ыг тартал тууштай тэмцэнэ гэдгээ зарласантай холбоотой. Мөн түүнийг Засгийн газрыг огцруулах асуудлыг гардан удирдаж байгаа гэсэн бор шувуу нисээд удсан. МАН, МАХН хоёрыг эвсэн нийлүүлэх ажлыг залуу генсек оройлон уриалж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Түүний энэ бүх үйлдэл нь хуучинсаг удаан, унтаа МАН-ыг сэрээсэн дуу хоолой, шинэ өнгө төрх болж байгаагаар барахгүй эрх баригч том дарга нарын сандал суудлыг салгануулж айдас төрүүлсэн туйлын эвгүй ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Гэвч "Би хууль зөрчиж хулгай хийгээгүй, надад айж барьцаалагдах юм түй ч байхгүй" хэмээн ам бардам хэлж байгаа МАН-ын халуун цөстэй залуу генсекийг зүгээр нэг боль гэж хэлээд зогсоочихно гэвэл ёстой гонжгор. Тэгэхээр түүнийг барина гэдэг олны үг ортой эсэхийг харж л байя. Шударга үнэний төлөө дуугарсан бүхнийг бариад байвал бид өөрсдийгөө шударга ёст ардчилсан улс гэж тооцсоор байх уу.

ХААД ОВОГТ ДЭЛГЭРИЙН ЕРӨӨЛТ

ЭХ СУРВАЛЖ: "УЛСТӨРИЙН ТОЙМ" СОНИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна