Иргэдэд НӨАТ буцаан олгож эхэллээ

2015 оны 12 сарын 24

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ыг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хамаатуулах ойлголт энэ оноос халагдаж, иргэд, худалдан авагч нэг бүрт НӨАТ хамаатай болж байна. Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн та худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах боломж нээгдэж байна.

Ингэж иргэд НӨАТ-ын буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэгбүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой юм байна. Тэрхүү сугалаа нь нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай бөгөөд урамшуулал нь мөнгөн шагнал байх бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгаажих юм. Тэгэхээр яг долоо хоногийн дараагаас та бид ганц талх авсан ч түүнийгээ баримтаар баталгаажуулах шаардлагатай. Мөн тэрхүү баримтаа ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Мэдээж, хамгийн эхлээд та дээрх сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Эсвэл дараагийн оны эхэнд ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд явагдана. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

Иргэдийн хувьд харьцангуй хялбар мэт санагдах ч интернэт хэрэглэх боломжгүй орчинд аж төрж буй бол яах вэ, үйлчлүүлж буй дэлгүүр, худалдааны төв нь баримт олгодоггүй, кассын машингүй бол яах вэ, үсчин, гуталчин, таксигаар үйлчлүүлэхэд ямар ч баримт өгдөггүй болохоор хэрхэх вэ гэхчилэн олон асуулт гарч ирнэ. Тэгвэл энэхүү асуултын хариуг дөнгөж сая Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв, НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн ажилтнууд дэлгэрэнгүй тайлбар өглөө.

-Энэхүү хууль хэрэгжсэнээр иргэдэд ээлтэй харагдаж байгаа ч давхар НӨАТ төлөгч аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, НӨАТ төлөгч биш, зах хязгаарын жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудын орлого буурах хандлага гарах юм биш үү?

Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв: -НӨАТ-ын тухай хуулинд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг, кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болдог. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай юм. Үйлчлүүлж буй аж ахуйн нэгж чинь НӨАТ төлөгч биш байлаа ч төлбөрийн баримтыг заавал нэхэж авах ёстой. Ингэж байж л төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломж нээгдэнэ. Мөн сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

-Арилжааны банкаар үйлчлүүлэхэд баталгаажсан баримт өгөх ёстой юу. Байр орон сууцны зээл болон бусад зээлийн төлбөр буцаан олголтод хамаарах уу?

-Арилжааны банкны гүйлгээ, зээлийн төлбөр хуулиараа НӨАТ-т хамрагддаггүй. Тиймээс банкнаас авсан зээл, түүний хүү зэрэг нь НӨАТ-ын буцаан олголтод хамаарахгүй.

-Баримтаа гээж үрэгдүүлээд өөр хүн бүртгүүлсэн бол хэрхэх вэ?

-Тухайн баримтыг нэгдсэн системд хэн бүртгүүлсэн тэр хүнд л хамаарах учир баримтаа гээж үрэгдүүлэхгүй хямгадах үүрэг иргэн хүнд ногдож байгаа.

-Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?

-Хамааралгүй яахав. Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна л гэсэн үг.

-2017 оноос буцаан олголт эхлэхээр нэг иргэн, нэг өрх хэдий хэрийн НӨАТ-ын буцаан олголт авах тооцоо гарсан бэ. Энэ системийг нэвтрүүлснээр төсөвт ачаалал үүсэх үү?

-Нэг гэр бүл 1,8 сая төгрөгийн орлоготой гэр байна гэж дундажлан тооцвол тухайн гэр бүлийн жилийн орлого 22 сая төгрөг болох юм. Тэрхүү мөнгөө хадгаламжид хийхгүй бол тэр мөнгө бүхэлдээ л худалдан авалтад зарцуулагддаг гэсэн үг. Энэ мөнгөний хоёр хувийг буцаан авна гэвэл 440 мянган төгрөг болно.

-НӨАТ төлөгчийн тоо нэмэгдсэн үү. Энэ систем нэвтэрснээр аж ахуйн нэгжийн худалдан борлуулалт ил тод биш байгаа. Түүнийг ил болгоход энэ систем гол нөлөөтэй гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр Монгол Улсын далд эдийн засг 30 хувьтай байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт татварын газарт бүрэн бүртгэгдэхгүй байна л гэсэн үг. Харин энэхүү систем нэвтэрснээр аж ахуйн нэгжийн борлуулалт ил тод болно. Борлуулалт нь 50 сая төгрөг хүрчих юм бол хуулийн дагуу НӨАТ төлөгч болох юм. Дээр нь анхааруулж хэлэхэд НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэд төлбөрийн баримтаа заавал авч байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь нээлттэй юм. Тиймээс үйлчилгээ бүрээс баримт авах ёстой юм шүү гэдгийг л дахин тодотгоё.

Албаны хүмүүс ийн тайлбарлаж байна. Иргэд НӨАТ-ын буцаан олголт авахын тулд НӨАТ төлөгчдөөс үйлчилгээ авах учиртай. Тухайн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байлаа ч төлбөрийн баримтаа авч сар тутмын сугалаанд оролцох учиртай юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна