Жижгүүдийг шахсан томчуудын тохироо

2015 оны 12 сарын 24

Хуульд заасан хугацааны дагуу УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах ёстой. Бүх нийтийн анхаарал сарниж, баяр наадмын уур амьсгал дундуур, хор ховоо найруулдаг тэр л жишгээр АН, МАН-ынхан Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар батлах гэж өнгөрсөн амралтын өдрүүдэд сэмхэн уулзсан Энхболдуудын тохироо ёсоор болох нь.

Хэдхэн хоногийн өмнө бүлэг нь УИХ дээрээ ажил хаялт зарлаж, генсек нь “Хар машин шатаах” ёслол үйлдэж байснаа бодвол МАН-ынхан өнөөдөр инээхтэйгээ болжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт нь “Ойрын хугацаандаа Сонгуулийг хуулийг батална” гэж хэлэх болсон нь АН, МАН-ынхан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүйгээр ирэх 2016 оны сонгуульд олонх байтугай олон суудал авч чадахгүй гэдгээ ойлголцсон бололтой.

Хүүхэд уйлахаараа гэдэг шиг МАН-ынхан сав л хийвэл “шатаадаг” зуршилтай. Хэдэн жилийн өмнө У.Хүрэлсүх намынхаа байранд байсан тугаа шатааж явсан юмдаг. Харин энэ удаагийн тэдний улс төрийн акц хар машин шатааснаар өндөрлөж байна гэж хэлэхэд буруудахгүй биз.

Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гишүүдийн хэвлэлд өгсөн мэдээлэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр яригдсан асуудлыг харахад энэ удаагийн Сонгуулийн тухай хууль жижигчүүдэд ашиггүйгээр, харин том намуудын хувьд ашигтайгаар батлагдаж магадгүй байна.

Техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийнэ гэдэг гараар давхар тоолохгүй хэмээн гүрийж суусан Ардчилсан намынхны зүгээс Ардын намд бууж өгч байгаа нэг хэлбэр. Нөгөө талаар, хяналтын тооллогыг зуун хувь хийнэ гэж олны өмнө “хар машин”-аар сор залсан МАН-ынхан 50 хувь дээр тооллого хийхийг хүлээн зөвшөөрсөн нь тэдний хооронд үүнээс том тохироо хийгдсэн гэсэн үг.

Шинэчилсэн төсөлд 48х28 тогтолцоог хэвээр хадгалах, УИХ-ын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байсныг бүсчлэн таван тойрог болгох, бүсчилсэн тойрогт суудал хуваарилах, санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгогүй болох, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нэг байх, техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийх гэхчилэн Ардчилсан нам болон Ардын намын тохирооны дагуу өөрчлөлт оруулах нь нэгэнтээ тодорхой болж, хэрэв “Шударга ёс” эвсэл завсарлага авахгүй л бол Сонгуулийн хууль парламентаар “ногоон гэрлээр” батлагдаж магадгүй байна. Учир нь, АН-ын 35 кноп дээр, МАН-ын 26 кнопыг нэмбэл “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид хэчнээн эсрэг кноп дараад нэмэргүй гэсэн үг.

Сонгуулийн хуулийг шинэчлэх сонирхол АН, МАН-д адилхан бий. Хэрэв хуулиа өөрчилж чадахгүйгээр УИХ-ын сонгуульд орвол, гуравдагч намууд гарч ирэх орон зай бий болно. Өөрөөр хэлбэл, өдрөөс өдөрт рейтинг нь унасаар байгаа АН,МАН-ын алдсан нэр хүнд, орон зайг нөхөх боломж жижигчүүдэд бий. Гэвч, тэдэнд ийм боломж олгохгүйн тулд АН, МАН-ынхан бие биедээ 50X50 хувиар бууж өгсөн хэрэг шүү дээ. Техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийнэ гэдэг гараар давхар тоолохгүй хэмээн гүрийж суусан Ардчилсан намынхны зүгээс Ардын намд бууж өгч байгаа нэг хэлбэр. Нөгөө талаар, хяналтын тооллогыг зуун хувь хийнэ гэж олны өмнө “хар машин”-аар сор залсан МАН-ынхан 50 хувь дээр тооллого хийхийг хүлээн зөвшөөрсөн нь тэдний хооронд үүнээс том тохироо хийгдсэн гэсэн үг.

Монголын эрдэм шинжилгээний зөвлөх /МЭК ХХК/ компаниас хийсэн хамгийн сүүлийн судалгааг харахад МАН-ын рейтинг 15-18 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол АН-ынх 27 хувиас аажим аажмаар уруудсаар 14 хувийн рейтингтэй байна. Эндээс харахад хэрэв энэ чигээрээ ирэх оны сонгууль явагдвал АН,МАН-ын рейтинг нийлээд дөнгөж 30 хувийн амжилт үзүүлэх магадлалтай. Энэ тохиолдолд ирэх оны сонгуульд гуравдагчдаас хамгийн өндөр рейтинг үзүүлэх магадлалтай нам бол Хөдөрмөрийн үндэсний нам.

Шинэ үеийн мөнгөтэй, хөрөнгөтэй, нэр нөлөөтэй СЕО нар  шинэ намд элсэх болсноос харсан ч тэр, нөгөө талдаа өнөөгийн эрх баригч, сөрөг хүчний рейтинг адилхан уруудах болсон нь тэр , олон нийт, нийгмийн сэтгэлзүй АН, МАН-аас залхаж буйг харуулж буй  юм. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд АН, МАН адилхан нэр нүүрээ баастаад дууссан. Унах нүхээ уралдан ухсан АН-ын хувьд, унтаа сэрүүний завсар улс төр хийсэн МАН-ын хувьд ирэх оны сонгуулиар гарч ирэх шаанс нь Сонгуулийн хуулийг өөрсдөдөө нийцүүлэн өөрчлөх явдал юм. Энэ бол тэдний зүгээс Н.Энхбаярын холын шунал болоод ИЗНН, МҮАН, ХҮН-ынхны өмнө тавьж буй урхи.

Шинэ хүн, шинэ бодлого үгүйлсэн нийгмийн хандлагыг харахад Ардчилсан нам болоод Ардын намынхны  ирэх сонгуульд ялалт байгуулах шаанс аль, алинд нь алга. Чухам иймээс л Энхболдууд өөрсдийгөө гаргаж ирэх шинэчилсэн хувилбар дээр тохироо хийсэн гэсэн үг.

Жагсаалтаар УИХ-д орж ирэх 28-ыг бүсэд хувааснаар З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар шиг “оймсонд хавчуулагдан ордонд орж ирэх” нөхцөл хумигдана. Пропорциональ системийн хамгийн том алдаа О.Баасанхүү гэж Ардчилсан намынхан ч, Ардын намынхан ч адалдаг. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн төсөл дээр жагсаалтаар УИХ-д орж ирэх 28-ын хувьд улс төрийн намаас гадна нэр дэвшигчид нь санал өгөх хувилбарыг хоёр том намын зүгээс ярьж байгаа юм байна. Энэ тохиолдолд З.Баянсэлэнгэд тохиолдсон аз, од өөр нэгэн Баянсэлэнгэ шиг хүнд гарч ирэх боломжгүй болно гэсэн үг. Бас Н.Энхбаярын нам шиг бүлэг байгуулах хэмжээний боломж жижигчүүдэд олдохгүй юм.

Тэгэхээр Энхболдуудын таашаал, тохиролцоо ёсоор Сонгуулийн хуулийг баталбал Монголын төр цаашдаа ч МАНАН-гаас салахгүй гэсэн үг.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна