10 хувийн урьдчилгааг олон хүн хүлээж байна

2015 оны 12 сарын 24

Долоо хоног бүрийн Пүрэв гаригт болдог “Сайдын цаг” мэдээлэлд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо. Тэрбээр өмнөх сайдын эхлүүлсэн Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан, удахгүй анхны хэлэлцүүлгийг хийнэ гэлээ. Мөн ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгаа хэрэгжих боломжтой. Одоогоор Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой гацсан байгаа гэсэн юм. Үүнээс гадна Барилга хот байгуулалтын яамны хийж байгаа ажил, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг танилцуулсан юм.

Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхож байсан асуудал бол 10 хувийн урьдчилгаа байлаа.

-Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарц нь юу вэ?

-Төр нэгэнт бодлогоо гаргачихлаа. Түүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар тухайн асуудалтай холбоотой компаниудаас санал авна. Манай яам арилжааны бүх банкаас санал авсан. Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Харин Монголбанктай уулзалдаж чадахгүй байна гэж би өчигдөр хэлсэн. Арилжааны банкууд барилгын салбарынхантай харилцан уялдаа холбоотой ажиллах бодлогын дэмжлэг хүсч байгаа. Гагцхүү Засгийн газрын тогтоол журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хүсэлтийг бид хүлээж авч шийдсэн. Цаашид орон сууцны ипотекийн зээл шийдэгдвэл 10 хувийн урьдчилгаа өгөөд байр авах боломжтой болно.

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ “тантай хоёр удаа уулзсан гэтэл З.Баянсэлэнгэ уулзаагүй гэж яриад байх юм” гэж хэлсэн. Гэтэл та уулзаагүй гэж яриад байх юм. Та хоёрын хэн нь үнэн яриад байна вэ?

-Ажил хэргийн уулзалтыг хүсч байна. Хүн коридорт хэдэн ч удаа уулзаж болно. Эцсийн дүндээ хамтран ажиллахыг хүсээд байна. Н.Золжаргал Ерөнхийлөгчийн хэлж байгаа нь үнэн. Бид гишүүдийн өрөөнд, байнгын хороон дээр тааралдаж байсан. Гэхдээ би тухайн үед ийм асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй гэж хэлсэн. Эцсийн шийдэлд хүрч чадахгүй сууж байна. Монголбанк 10 хувийн асуудал дээр хөндлөн хэвтэх шаардлага байхгүй.

-Засгийн газар Монголбанкинд 10 хувийн урьдчилгаатай болгох тооцоо судалгаагаа өгөөгүй гэж ярьж байсан. Энэ судалгааг өгсөн юм уу?

-Засгийн газрын 20 хувийн урьдчилгааны талаар хүмүүс их асууж байна. Арилжааны банкууд ч хэлдэг. Юу вэ гэвэл, 20 хувийн урьдчилгааны баталгаа болгож үнэт цаас байршуул гэдэг шаардлага тавьсан. Иргэн бол 10 хувийг төлнө. 20 хувьд баталгаа гаргаж байгаа хэдий ч үлдсэн 90 хувийг иргэн 30 хүртэлх жилийн хугацаанд төлнө. Энэ 20 хувь бол барилгын үнэ өсөх, чанаргүй зээл бий болохоос сэргийлж байгаа зүйл юм. Иргэний зээл дээр мөнгөөр дэмжлэг үзүүлж байгаа зүйл биш. Одоо иргэд 10 хувиа төлөөд, арилжааны банк 70 хувийг төлөөд, 20 хувьд нь арилжааны банк барилгын компани нийлж баталгаа гаргаад дараа нь иргэдээс нөхөөд авчих боломжтой.

-Барилга хот байгуулалтын яам Голомт банктай санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийг хэрэгжих боломжид эргэлзэж байгаагаа Н.Золжаргал хэлсэн.

-Найман хувийн асуудал шийдэгдэх юм бол Голомт банкнаас гадна олон банк хамтран ажиллах болно. Хамгийн гол нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой ипотекийн зээл зогссон болохоос биш 10 хувь явахгүй гэдэг асуудал биш.

-Улсын хэмжээнд 10 хувиа төлөөд байр авах хүсэлтэй хэдэн иргэн байна вэ. Судалгаагаа гаргасан юм уу?

-Судалгааг хүмүүс статистикаас авч байгаа. Өөрсдийн нэгтгэсэн тоо баримт ч байна. Гэхдээ одоогоор хэдэн хүн хамрагдах боломжтой гэсэн судалгаа тодорхой болоогүй байна. Хүмүүс тооцоо судалгаа яриад байх юм. Энэ нэг талдаа байх ёстой хэдий ч нөгөө талдаа иргэд хүлээж байгаа шүү дээ. Өөрсдийн эдийн засгийн боломжид тааруулаад 10 хувийн урьдчилгаагаа бэлдээд, хэзээ хэрэгжиж эхлэх юм бол гэдэг хүлээлттэй байна. Тиймээс төдийлөн нарийвчилсан тооцоо судалгаа гарч өгөхгүй байна.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна