“Өршөөл дааж амьдар”

2015 оны 12 сарын 24

Төрийн ордон эргэн тойрны газар тэсрэх бөмбөг тавьсан хэргээр ял эдэлж байсан “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөлөөр суллагдаад удаагүй байгаа юм. Түүний нэг удаагийн алдаа эндэгдлийг Монголын төр өршөөсөн. Гэвч, суллагдсан өдрөөсөө улс төр хийх болсон түүний хувьд өчигдөр дахин нэг хэрэг тарьжээ. Тэр нь төрийн тусгай хамгаалалтын газар болох Төрийн ордон руу хууль бусаар дайрсан явдал.

Хэдийгээр төр засгаас хэрэгжүүлж байгаа зарим бодлого түүнд таалагдахгүй байж болно. Гэхдээ эрх зүйт төрийн иргэний хүний хувьд түүнд эсэргүүцлээ илэрхийлэх өөр арга зам зөндөө бий.

Өршөөлөөр суллагдлаа гээд үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн үг биш. Бас өршөөлөөр суллагдлаа гээд өөрийг нь гэм буруугүй гэдгийг тогтоож байгаа юм биш. Гэмт үйлдлээ гэмшээд гаргасан алдаагаа гаргахгүй байгаасай гэж төр өршөөж байгаа юм.

Түүнээс буу сумаар харваад, тэсрэх бөмбөг тавиад эсвэл төрийн тусгай хамгаалалтын газар руу хүч түриймгийлэн хууль бусаар халдах нь гэмт үйлдэл. Хэрэв хэн нэгэн хүн АНУ-ын Цагаан ордон, ОХУ-ын Кремль, Хятадын Төрийн зөвлөлийн ордон руу хүч түрэмгийлэн орсон бол манайхан шиг аядуу зөөлөн загнаад, аргадаж учирлаад зогсох байсан болов уу.

УИХ-ын 76 гишүүний үйл ажиллагаа, хэлж ярьж байгаа бүхэн олон нийтэд таалагдахгүй байж болно. Хэрэгжүүлж байгаа бодлого нь зөв буруу байж болно. Түүнийг нь бид засч залруулах, шүүмжлэх  хийгээд эсэргүүцэх эрхтэй. Гэхдээ зорилгоо буруу аргаар зөвтгөж болохгүй.  Монголын төр “худалч, хулгайчаар” дүүрсэн нь үнэхээр харамсалтай. Тэглээ гэвч   хууль зөрчин, Төрийн ордон руугаа хүч түриймгийлэн орох эрх хэнд ч байхгүй. Түүнээс Ц.Мөнхбаярын хөндөж байгаа сэдэв нь зөв байж болох ч гаргаж байгаа үйлдэл нь өөрөө буруу байгаад л гол учир нь бий.

Хэн дуртай нь, төрийн ордон руугаа хүч түрэмгийлэн дайрч ороод байвал юу болох вэ. Тэгвэл Монгол төр, хууль дүрэм гэж байх шаардлага байна уу.

Тэгээд ч ардчилсан нийгэмд нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг. Тиймээс Ц.Мөнхбаяр болон бусад нь төр рүүгээ буу шийдэм агсаж, хаалга үүд рүү дайрч, давшлан агсамнахаа аядвал ямар вэ?

Хуулиас давсан үйлдлийг ямар ч улстөрч, ямар эрх мэдэлтэн, ямар ч “эх оронч” хийх ёсгүй билээ.

А.ШАРХҮҮ

 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна