Сонгуулийг бүсчлэн явуулахыг эсэргүүцэв

2015 оны 12 сарын 24

УИХ дээр Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Ажлын хэсгийнхний зүгээс Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой зарим зүйлийг олон нийтэд ил болгоод байгаа юм.

Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор парламентад суудалгүй улс төрийн  есөн нам өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “Монгол Улсын Их Хурал чоно борооноор гэгчээр Дэгийн тухай хуулиа илт зөрчин, Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төслийг хуулиар хориглосон хугацаа дуусахаас хоёрхон хоногийн өмнө хам хум хэлэлцсэн дүр эсгэж, сурсан дадсан зуршлаараа гэнэт хуйвалдан батлахаар улайрч эхэлсэн нь төрийн нэр хүндийг унагасан, нийгмийн итгэлийг хөсөрдүүлсэн, ард түмний сэтгэлийг сэвтүүлсэн гэмт үйлдэл” гэдгийг АН, МАН-д сануулав.

Тэд мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлдээ “Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хөндөхдөө улс төрийн намуудын оролцоо, нийгмийн зөвшилцөл, ард түмний дэмжлэгийг хангаж байж хуульчлах ёстой атал үндэснийхээ эрх ашгаас хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгаа ямагт дээгүүр тавьж ирсэн цөөн нам, эрх мэдэлтнүүд зөвшилцсөн нэрийн дор Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийг бид эрс эсэргүүцнэ.

Монгол ардын нам дангаараа тохиролцсоноосоо ухарч , тэмцлээсээ няцаж буйг бид зэмлэн буруушаахын зэрэгцээ Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 нам Сонгуулийн тухай хуульд оруулахаар удтал хэлэлцэн зөвшилцөж, нэгэн санаагаар хүрсэн “нааштай найман өөрчлөлтдөө” тууштай үнэнч байгаагаа үүгээр батлан мэдэгдье” гэсэн байна.  Түүнчлэн сонгуулийг бүсчлэн зохион байгуулахыг эсэргүүцэж энэ  бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. Түүнчлэн хоёр том нам өөрсдөдөө ашигтай байлгах үүднээс тойргийг багасгаж, мандаттай болгох гэж байна. Энэ бол сонгуулийг худалдаж авах гэсэн башир арга гэж Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын ногоон нам, Бүгд найрамдах нам, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн намаас мэдээлэл хийлээ.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна