Төсвийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн /2015.12.24/ чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас санаачлан боловсруулж нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэснийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, уг хуулиар албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөхөөр зааж, хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хугацааг “…. энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна” гэж шийдвэрлэсэн. Гэвч улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилгоор уг хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл сунгахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар төслийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны 2 дугаар сарын 15 гэж өөрчлөх санал гаргасан боловч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Дараа нь Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж