“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдтэй уулзав

2015 оны 12 сарын 24

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажилтнуудын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй өнөөдөр /2015.12.24/ Төрийн ордонд уулзав.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихаар бэлдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцлоод, тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн барихаас өмнө Төрийн бус байгууллагуудаас санал авах шаардлагатай байдаг тул тэдгээр байгууллагуудаас санал ирүүлэх хүсэлтийг тавьсан. Энэ дагуу өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хүрэлцэн ирснийг танилцуулав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажилтнуудын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн Г.Дэлгэрбаяр хэлэхдээ, Таны явуулсан санал авах тухай албан бичигтэй танилцаж, нийт уурхайчид хөдөлмөрийн хамт олны хурал зохион байгуулан ажилчдын хурлын шийдвэрээр 11 санал боловсруулсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн нүүрсний орд дээр 2010 оноос өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж коксжих нүүрс БНХАУ- руу экспортлож, улс эх орны эдийн засагт татвар хураамж валютын орлого оруулсаар ирлээ. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төслийг олон нийтэд ил тод мэдээлсэн өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн мэргэшсэн инженер техникийн ажилчид маань энэхүү тогтоолын төсөл дээр мэргэжлийн хувьд судалгаа шинэжилгээний ажлууд хийсэн гэв.

Мөн тэрээр тус компанийн үйлдвэрчний эвлэлээс гаргасан саналын талаар танилцуулав. Тус компанийн үйлдвэрчний эвлэлээс  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн ажилчдыг урт хугацаанд тогтвор суурьшилтай өндөр бүтээлтэй ажиллах нөхцлөөр бүрэн хангах, Тавантолгойн ордын нүүрсний давхаргуудыг сорчлон ашиглахыг хориглож орчин үеийн шилдэг дэвшилтэт технологи бүхий баяжуулах үйлдвэр байгуулж нүүрсэн бүтээгдэхүүний чанарыг дундажлан худалдан авагчдад нийлүүлэх, Ордын хэмжээнд нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх талаар газрын гүн болон талбайн нийт хэмжээнд өсгөх, нүүрст талбайн хилийг эцэслэн тогтоох, олборлолтын жигд үйл ажиллагааг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтын болон нарийвчилсан хайгуулын ажлыг тогтмол хийх зэрэг саналуудыг гаргасан байна. 

Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна