Төсвийн байнгын хороо хуралдав

2015 оны 12 сарын 24

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүллээ. Дээрх өөрчлөлтөөр хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгон сунгахаар зааж өгсөн юм.

УИХ-аас өнгөрсөн наймдугаар 7-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг олгосон. Гэвч хууль хэрэгжүүлэхтэй холбоотой журам нь өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Засгийн газар баталсан. Тодруулж хэлбэл, журам батлагдах хүртэл үндсэндээ хоёр сарыг алджээ.

Тиймээс Засгийн газар дээрх хуулийн үйлчлэх хугацааг сунгахын тулд дээрх төслийг өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 15-н гэж өөрчлөх санал гаргасан боловч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл байлаа. Олонхи гишүүн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв.

Хүнс хөдөө аж ахуйн сайдын мэдээллээр Монгол Улс энэ онд 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж авчээ. Ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай болсон байна. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдсэн ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байгаа аж. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргажээ. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Дээрх хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна