Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийж байна

2015 оны 12 сарын 24

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай албан ёсны хэлэлцээ хийж, Төв Банкны дэд Ерөнхийлөгч Голамали Камяб, Хөдөө аж ахуйн сайд Мохаммед Ходжати, Газрын тосны сайд Бижан Занганех нартай мөн монголч эрдэмтэн нартай уулзав.

Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр Иран Улстай хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Түүнчилэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Ираны холбогдох байгууллагагуудтай хамтран хэрэгжүүлж буй Ил Хаант Улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж Монголын боловсон хүчнийг ЛБНИУ-д бэлтгэх асуудлаар ярилцав.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна