Хар тамхичдыг матартай шоронд хорино

2015 оны 12 сарын 24

Индонезийн Хар тамхитай тэмцэх агентлаг цаазын ялтай, хар тамхины хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийг матартай шоронд хорих хуулийн төсөл санаачилжээ. Тус улсын албаны нэг хүний мэдээлснээр энэ санааг Рожер Мурын тоглосон 007 Тагнуул Жеймс Бондын тухай “Live and Let Die” киноноос олж авсан гэнэ. Төслийг санаачилсан Хар тамхитай тэмцэх агентлагийн дарга Буди Васэсо шоронд “ажилд авахаар” арлын олон газраар явж, хэвлээр явагчидтай танилцсан байна.

Тэрбээр “Шоронд бид аль болох олон матар авчирч тэжээнэ. Би хамгийн аюултай матарнуудыг хайж байгаа”хэмээн орон нутгийн вэб сайтад мэдээлжээ. Хар тамхитай тэмцэх агентлагийн дарга Буди Васэсо “Хэвлээр явагч араатнууд хүн шиг хахууль авахгүй нь ойлгомжтой учраас гэмт хэрэгтнүүдийг оргохоос сэргийлэх хамгийн сайн хамгаалагч болж чадна” хэмээн ярьсан гэнэ.

Гэвч хуулийн төсөл зөвхөн цаасан дээр байгаа бөгөөд хэвлээр явагчтай шоронг хаана, хэзээ барих нь ч тодорхойгүй байгаа юм. Индонези нь дэлхий дээрх хар тамхины эсрэг хамгийн хатуу хуультай улсын нэг бөгөөд хар тамхи худалдаалсан гэмт хэрэгтнийг буудан алдаг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улс хар тамхины хэрэгт холбогдсон гадаадын долоон иргэнд цаазаар авах ял оноосон нь олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Харин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо олон улсын шүүмжлэлийн хариуд “Улам бүр нэмэгдэж буй хар тамхины хэрэглээг бууруулахын тулд тус улс үндэсний хэмжээнд онц байдал зарласан. Тиймээс хар тамхины наймаачдыг цаазын ял хүлээх болно” гэж хатуу мэдэгдсэн билээ. Хэдийгээр хар тамхитай тэмцэх хууль нь чанга ч гэлээ хуулийн систем нь хээл хахуульд идэгдсэнээс хоригдол, гэмт хэрэгтнүүдээс гадна хууль сахиулагчид, шоронгийн ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдох нь элбэг тохиолддог байна. Индонезийн Хар тамхитай тэмцэх агентлагийн төлөөлөгч Сламет Прибадийн хэлснээр хууль тогтоогчид цаазын ялтай хар тамхины гэмт хэрэгтнүүдэд зориулсан шорон байгуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн гэнэ.

Тус агентлагийн албаны хүний хэлснээр хэвлээр явагчтай тусгай шоронд хар тамхины хэргээр цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүдийг бусад хоригдлуудтай хуйвалдахаас сэргийлж, тусгаарлан хорих юм байна. Индонезийн Хар тамхитай тэмцэх агентлаг одоо уг асуудлаар Хууль зүйн яамтай зөвшилцөж байгаа гэнэ.

2015 оны арваннэгдүгээр сард Индонез олон улсын зүгээс эсэргүүцэл, хоригтой тулгарснаар цаазаар авах ялыг түр түдгэлзүүлсэн бөгөөд цаазаар авахаас өөр ял оноохоор судалж байгаа юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна