Хүүхдээс харамласан 10 доллар

2015 оны 12 сарын 25

Шинэ он, шинэ жилийг хямарсан ч хямраагүй юм шиг угтах гэж хаа сайгүй хөөрч хөгжиж, албан байгууллага болгон шилдэг, сайчуудаа шалгаруулан баясаж  байгаа ч он солигдмогц  бүгдээрээ инээх багадах, уйлах ихдэх хэрэг үүсээд байна. Учир нь шинэ онд хүүхдийн мөнгө авах айл бараг алга. Салбарын сайд, эрхэм түшээ С.Эрдэнэ хийгээд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэн нарын хэлээд байгаачлан нийт хүүхдүүдийн 83-88 хувь нь хүүхдийн мөнгө авна гэдэг ердөө л үлгэр юм гэдгийг доорх сурвалжлага баталж байна.

“Би өөрөө ч амьжиргааны 20 дугаар бүлэгт орчихоод байна”

Нийслэлийн Баянзүрх дүүргийн халамжийн газрын  ажилтан залуу ийн өгүүлж байна. Та тийм баян хүн үү гэж сөргүүлэн асуувал “Орон сууцтай л бол амьжиргааны өндөр төвшинд тооцогдож байгаа. Танайх ч ингэж гарч ирнэ дээ” гэлээ. Баталгаажуулахын тулд өөрийн харъяат хороондоо  очлоо. Нэр хаягаа хэлээд шалгуултал “Таны хүүхдүүд ирэх оноос хүүхдийн мөнгө авахгүй юм байна. Танайх амьжиргааны  дээд төвшний айл байна” гэсэн хариу өгч байна. Мэл гайхаж, цэл хөхөрнө гэгч боллоо. Хоёр жил хагасын өмнөх судалгааг хэрхэн бөглөснөө санах юм алга. Сүрхий мундаг аж төрж байгаа хүний дүр эсгээд худал бөглөчихсөн юм болов уу гэж өөрийгөө хардаж үзэв. Эсвэл нэрэлхээд авдаг цалингаа нэмээд биччихэв үү гэтэл тэр асуулгад цалингийн хэмжээ огт хамаараагүй гэх. Ердөө л танайд ажил хийдэг хэдэн хүн байна вэ, өөрийн орон сууцтай юу,  хөл дүүжлэх унаа байна уу, хөргөгч зурагт чинь түрээснийх биш биз гэсэн асуултууд байсан бололтой юм. Гайхаад баршгүй. Амьжиргааны наад захын хэрэгцээг хангах  цахилгаан бараагүй айл байтугай оюутан ч өнөөдөр алга. Хөдөө гэрээсээ зөөгөөд ч бол оюутны байрандаа зурагт үзэж, хөргөгч, шарах шүүгээ, будаа агшаагч  тавьчхаад  тансагхан амьдарч байгаа энэ цаг үед дэндүү болчимгүй асуултаар хүн амынхаа амьжиргааг тодорхойлжээ. Суурь судалгааны асуумжийг хэн гээч “мэргэн түргэн” хүн боловсруулсан юм бол гэж уур ч хүрэх шиг.

Ямартай ч зээлээр ч бол  байранд амьдардаг, бага ч бол цалин авдаг хүмүүсийн хүүхдүүдэд ирэх оноос хүүхдийн мөнгө олдохгүй нь. Эглээс эгэл амьдралтай, илүү дутуу нууж хаасан хөрөнгөгүй мань мэт л “амьжиргааны дээд төвшин”-д  багтчихаар ямар гээч айлын ач үрс тэр “буянтай” мөнгийг нь хүртэх болж байна. Албаны хүмүүсийн гайхуулаад байгаа 1-17 дугаар  бүлэгт тэгээд хэн багтах вэ. Орон байргүй  гэр хорооллынхон гэх юм бол гэр хороололд ч гэсэн тансаг харш босгоод, хаусанд аж төрөгсөд цөөнгүй. Тэр бүү хэл нийтийн сууц барьчихаад нэг өрөөг нь 200-500 мянган төгрөгөөр түрээслүүлэн ашиг олдог бэл бэнчинтнүүд гэр хороололд олон бий.

Орон сууцныхан хүүхдийн мөнгөнөөс олноороо хасагджээ

Зорьж очсон Баянзүрх дүүргийн долдугаар хороо 1714 өрхийн 7300 гаруй хүн амтай. Нийт хүн амын 5000 орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Тус хорооны хүн ам бүгдээрээ орон сууцанд аж төрдөг гэдгээрээ онцлог ажээ. Хорооны нутагт 29 орон сууц байдаг бөгөөд өөрийн гэсэн орон сууцтай гэдэг үзүүлэлтээр хүүхдийн мөнгөний босго даваагүй айл өрх маш олон байгааг хорооны нийгмийн халамжийн ажилтан онцолж байлаа. Тиймээс ч амжиргааны төвшингөө дахин тодотгохоор өгсөн өргөдөлд ажилтнууд нь дарагджээ. Хорооны даргын хувьд ч горимоороо явж байсан ажлыг төвөгтэй болгож, хорооны ажилтнуудад чирэгдэл учруулж байгааг хэлж байна. Учир нь өргөдөл гаргасан айлын амжиргааны төвшинг дахин  судлах үүрэг  хорооны ажилтнуудад ногдож байна.

Ганц тус хороонд ч бус бусад хорооны хувьд ч хүүхдийн мөнгө тойрсон маргаан олон гарчээ. Судалгаанд оролцсон айл өрхүүдийн амжиргааны төвшинг буруу тодорхойлсон байхын хажуугаар судалгаанд огт хамрагдаагүй, судалгаанаас хойш шилжилт хөдөлгөөн хийсэн, судалгааны дараа бүл нэмсэн айлууд ч байгаа юм.  Тэдгээр айл өрхүүдийг дахин судална. Мөн 2013 оны долдугаар сараас хойш амжиргааны төвшин нь өөрчлөгдсөн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхнийг харгалзахгүйгээр гурван жилийн өмнөх суурь судалгаанд  түшиглэж байгаа нь учир дутагдалтай.

Суурь судалгаа эргэлзээ төрүүлсээр...

Хүүхдүүдэд хаяглан сар тутам олгож буй 20 мянган төгрөг их мөнгө мөн үү. Дэлхий нийтийн жишгээр тооцвол 10 ам.доллар. Хэмнэж буй мөнгөний нийт  дүнг харсан ч жилийн турш 240 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд зориуллаа гээд  улс орон сүйрчихээргүй санагдана. Олон зуун саяыг зарцуулан байж гадныхнаас зөвлөх үйлчилгээ авахдаа, бондын мөнгөнөөс бултуулахдаа, төмөр зам барих нэрээр овоолсон шороо босгохдоо хэмнэх гамнах тухай бодоогүй эрх мэдэлтнүүдийг өргөө гэрийн тэргүүн гэвэл хөөрхий хүүхдүүд цөмөөрөө хойд эцэг эхийн гар харснаас ялгаа алга. Чинээлэг айлын хүүхдүүд Монголын дайсан биш, эрхээ хасуулж, ялгаварлуулах гэмт хэрэгтэн ч биш. Макро төвшинд гаргасан шийдвэр микро орчинд буухдаа сөрөг үр дагавар дагуулдаг жишээ олон байгаагийн нэг нь хүүхдийн мөнгө. Ажилгүй, орлогогүй, хатуухан хэлбэл залхуу, анхиагүй хэсгийг дэмжээд байх аваас тэд улам л хүүхдийн мөнгө рүү, халамж руу тэмүүлнэ. Тэдний хүүхдүүд, ач зээ нар ч мөн тийм л замналыг сонгох бус уу.

Өрхийн амжиргааны суурь судалгааг дахин явуулаад ч үнэн зөв бүртгэл, мэдээлэлтэй болно гэдэгт итгэх аргагүй. Амжиргаагаа одоогийн байгаа төвшингөөс доогуур үнэлүүлж, хүүхдийн мөнгө болоод бусад төрлийн халамжид хамрагдахыг үгүйсгэхгүй. Амжиргаагаа хэт доогуур үнэлүүлснээр тухайн өрхийн хувьд шинээр байр орон сууц авах, хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрт хамрагдах үүд хаагдах магадлалтай. Тиймээс өрхийн амжиргааны суурь судалгааг үнэн зөв гаргах, уян хатан болгох шаардлага тулгарч байгаа юм. Өрхийн амжиргааны суурь судалгаа нь хүүхдийн мөнгө олгох босго болоод зогсохгүй өөр олон чухал асуудлыг шийдэх түшиц болж байгаа нь харамсалтай билээ.


Дэлхийн улс орнууд хүүхдүүддээ хэдий хэрийн тэтгэмж олгодог вэ?

Хүүхдийн тэтгэмжийн систем улс орон болгонд харилцан адилгүй боловч дэлхийн бараг бүх оронд байдаг. Дэлхийн олон орон төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор энэ системийг нэвтрүүлж иржээ.

Их Британи улс л гэхэд нэг хүүхэдтэй өрхөд жилд дунджаар 1,055 евротой тэнцэх хүүхдийн тэтгэмж олгож байгаа. Нэг хүүхдэд нэг жилийн хугацаанд дунджаар 1,900 еврогийн тэтгэмж олгодог Люксембург энэ жагсаалтыг тэргүүлж буйг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас явуулсан судалгаа харуулж байна.  Хүн амын дундах хөгшрөлтийн түвшин асар өндөр Японд тэтгэмжийн бодлого нь олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой байдаг бөгөөд гурваас олон  хүүхэдтэй өрхөд хоёр дахин их тэтгэмж олгодог ажээ.

Хүүхдэд олгодог тэтгэмжийн хэмжээгээр тэргүүлдэг орнуудын тоонд Австрали, Канад, Бельги, Финланд, Герман болон Итали улсууд орж байна.  Ихэнх орнууд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг бэлнээр гарт олгодог боловч Герман, Австрали зэрэг орнуудад татварын хөнгөлөлт маягаар олгох нь бий. Тэгвэл Италид хүүхдийн мөнгийг ажил олгогчоор дамжуулдаг бөгөөд ажилтан ажлаа тасалсан тохиолдолд тэтгэмжээс хасдаг байх жишээтэй. Европын орнуудаас Герман хүүхдэд хамгийн өндөр тэтгэмж олгодог улс бөгөөд жилд 2,530 еврогийн тэтгэмж олгож, дээр нь эцэг эх нь ажилгүй болсон тохиолдолд нэмж ажилгүйдлийн тэтгэмж олгодог ажээ.

ХҮҮХДЭД ОЛГОДОГ ТЭТГЭМЖ (Жилд дунджаар)

Австрали 3,613 ам.доллар

Шинэ Зеланд 3,133 ам.доллар

Исланд 3,153 ам.доллар

Ирланд 2,628 ам.доллар

Герман  2,530 ам.доллар

Дани 2,306 ам.доллар

Австри 2,150 ам.доллар

Норвеги 1,987 ам.доллар

Швейцарь 1,950 ам.доллар

Их Британи 1,883 ам.доллар

Швед 1,865 ам.доллар

Бельги 1,739 ам.доллар

Финланд 1,643 ам.доллар

Итали 1,495 ам.доллар

Нидерланд 1,488 ам.доллар

Канад 1,194 ам.доллар

АНУ  1,056 ам.доллар

Франц 979 ам.доллар

Унгар  765 ам.доллар

Португаль 536 ам.доллар

Япон 510 ам.доллар

Латви 433 ам.доллар

Чех  417 ам.доллар

Испани 398 ам.доллар

Польш 278 ам.доллар

Кипр 274 ам.доллар

Грек 135 ам.доллар

Д.ЦЭЭНЭ, Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна