Харүмафүжигийн зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

2015 оны 12 сарын 25

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, зураач С.Заяасайхантай хамтран уран зургийн үзэсгэлэнгээ Токио хотын “Гинза” галерейд дэлгэж байна. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Харүмафүжи багаасаа зурсан зургуудаа дэлгэн тавьжээ. Тэрбээр зарим зургуудаа дуудлага худалдаанд оруулах бөгөөд зарагдсан бүтээлээс олсон мөнгөө Монгол дахь хүнд өвчтэй, амьдралын боломж багатай айлын хүүхдийн эмчилгээнд зарцуулах аж.

Харүмафүжи Д.Бямбадорж хэлэхдээ “Би “Ирээдүй” цогцолборын сурагч байхдаа зургийн ангид явдаг байсан. 15 настайдаа Монголд анхныхаа зургийн үзэсгэлэнг гаргаж байсан. Ээжийн талд бурхан зурдаг лам зураач байсан гэдэг. Анх сүмогоор барилдаж эхлээд удаагүй байхдаа “Гинза” галлерейн захиралтай танилцаж байсан. Намайг тэр хүн маш их дэмждэг байсан. Тэгээд түүнийг хүсэлтийг хүлээн авч зургийн үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ удаа мэргэжлийн зураач С.Заяасайхантай хамтран үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна.” гэсэн байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна