"ТЗ-ын төслөөр мөнгө угаадаг"

2015 оны 12 сарын 25

Монголын төмөр замын төсөл хөтөлбөрүүд болон өнөөгийн төмөр замын ачаа эргэлт, тээвэрлэлт ямар түвшинд явна. Цаашид төмөр замын салбарт өрнөх бүтээн байгуулалт зэрэг асуудлаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын  дарга Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

-Саяхан ашиглалтад орсон Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 34 километр төмөр замыг монголчууд анх удаа өөрсдөө барьсан. Энэхүү бүтээн байгуулалтын  ажлаар ярилцлагаа эхлүүлье. Ямар ашигтай төмөр зам барив?

Улаанбаатар төмөр замд шинээр төмөр зам барих техник, багаж, ажиллах боловсон хүчин хангалттай бий. Энэ боломжийг ашиглаж, уул уурхайн зориулалтаар төмөр зам барьж, ашиглая гэсэн саналыг төмөр замынхан тавьдаг. Үүнийг ажил хэрэг болгох боломж энэ жил гарсан. Өнгөрсөн наймдугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн орд болсон Төмөртэйн уурхай руу төмөр зам барьж ашиглалтад оруулъя гэсэн чиглэлээр улсдаа тэргүүлэх инженерүүд  шийдэж, өөрсдөө зураг төсөл, техник үндэслэл, газар шорооны ажлыг хийсэн. Мөн яг барих ёстой төмөр замыг нь бариад, дагалдах дохиоллын систем зэргийг тавьж амьдруулсан. Ингээд жинхэнэ төмөр замыг Монгол инженерүүд барьж, хийж ашиглалтад өглөө. Энэ төмөр замаар бид 8-12 сая тонн төмрийн хүдрийг экспортолно гэсэн зорилготой байна.

-Энэ жишгээр удахгүй Ухаахудаг-Гашуун сухайтын боомт чиглэлийн 267 километр төмөр замыг Улаанбаатар төмөр замын инженерүүд барина гэсэн төлөвлөгөөтэй байгааг сонссон. Нэг километр төмөр замыг барихад хэдэн төгрөг шаардагдах вэ?

-Нэг километр төмөр замыг барихад Монголд 1-1.5 сая ам доллар шаардагдана. Улаанбаатар төмөр замын хамт олон бид Тавантолгой, Сайншанд чиглэлийн төмөр замыг барих сонирхол их байна. Шинээр баригдах  төмөр зам өнөөгийн Улаанбаатар төмөр замын сүлжээндшууд холбогдохгүй. Тавантолгойгоос урагшаа барих замд манай Улаанбаатар төмөр зам бүтээн байгуулагчаар оролцох бүрэн боломжтой. Техник, мэргэжлийн туслалцааг үзүүлж, цаашид операторын үүргийг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна.

-Бэлэн боловсон хүчин хангалттай байгаа гэж үү?

-Улаанбаатар төмөр замд олон арван жил ажилласан шилдэг ажилтан, чадалтай инженер техникч, замчдыг тэр операторын ажилдаа дайчилна. Говьд очиж ажил хий гэж хэлнэ. Иймээс Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх төмөр замын ажлын операторыг бол Улаанбаатар төмөр зам хийж чадна. Хурдан энэ замаа барьж, ашиглалтад оруулаасай гэж боддог.

-Дээрх чиглэлийн төмөр зам баригдвал Монгол Улсад ямар ашигтай юм бэ?

-Нүүрс, Төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг төмөр зам хийе. Учир нь Монголын төмөр зам урд, хойд хөршийн төмөр  зам дээр тулж, очиж сүлжээ үүсгэдэг. Энэ нь цаашаа Монголын тээвэр далайд гарцтай болох боломжтой гэсэн үг. Товчхондоо төмөр зам бол Монголын далайд гарах боломж гэж ойлгож болох юм. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөгийг хямдруулахгүй бол борлуулж, ашиг олоход хэцүү байна. Иймээс Тавантолгойн төмөр замыг барьж байгуулж, БНХАУ-ын олон зуу мянган километр урт сүлжээ замд холбогдож, гарцтай болох. Цаашлаад далайд хүрэх тухай яригдах ёстой. Төмөр замыг дагаж хөгжил ирнэ.

-2015 онд Монголын төмөр замын тээвэр хоёр саяар буурсан тухай тооцоо байна. Энэ нь төмөр зам барихаас өмнө түүгээр тээвэрлэгдэх ачааны хэмжээг хөндөх шаардлага тулгарч байна. Тийм үү?

-Тээвэр өснө гэдэг зардал өснө гэсэн үг. Логистикийг сайжруулж байж тээвэрлэлтийг бууруулж, үр ашигтай тээвэрлэлтийг хийх нь чухал. Тэгж байж тээвэрлэлтээс ашиг олно. Нөгөө талдаа тээвэрлэлтийн хэмжээ бууралтыг дагаад зардал буурдаг. Энэ жишгээр Улаанбаатар төмөр зам ажиллаж зардлаа бууруулсан, үр ашигтай ажилласан. Улмаар ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн.

-Тэгвэл төмөр замын тээвэрлэлтийг эргэлтэд оруулахын тулд тээвэр логистикийн төв барих шаардлагатай гэж яригдах болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр БНХАУ, ОХУ, Монгол Улс хамтран хувь эзэмшсэн тээврийн компанийг байгуулна гэж байсан?

-Энэ компанийг байгуулах тухай яриа хэлэлцээр бол бүс нутгийн маш чухал санал, санаачилга гэж үзэж байгаа. Дээрх санал, хэлэлцээр Гадаад хэргийн яам, Зам тээврийн яамны шугамаар, төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан. Төмөр замын шинэ компани төмөр замын хөдөлгөөн ашиглалт, засвар, арчилгаа гээд хүлээсэн үүрэг ихтэй. Энэ чиглэлийн төмөр замыг ашиглаж тээвэрлэлт хийдэг компаниуд шинэчлэлтийн үед бий болсон. ОХУ бол өөрийн гэсэн зүтгүүр, вагонтай хүчирхэг том компаниудыг байгуулсан. Харин Улаанбаатар төмөр замын тухайд өөрийн гэсэн цөөн вагонтай. Хувийн секторууд олон вагонтай. Иймээс Монголд байгаа бүх вагоноо ашиглаж тээвэрлэлтийг зохион байгуулъя гэж төлөвлөсөн. Ингэж чадвал тээвэрлэлтийн логистик үүснэ. Гэхдээ тухайн тээвэрлэлтийн логистикоо зөвхөн  өөрийн хил хязгаартаа багтааж хийвэл учир дутагдалтай. Харин хөрш гурван орон нийлж логистикийг байгуулвал тээвэрлэлт Евро- Азид хүрсэн, улс үндэстэн дамнасан үр ашигтай тээвэрлэлт бий болох ашигтай юм.

-Хөрш гурван орны хувь нийлсэн тээвэрлэлт логистикийн компани байгуулахад Монгол Улсын төсвийн хөрөнгөөс мөнгө гарах уу?

-Үгүй. Энэ компанийн оролцогч талууд өөрсдийн хөрөнгө, дотоодод байгаа замаа ашиглана гэсэн тооцоололтой байгаа. Иймээс Улаанбаатар төмөр зам оролцогчоор орох сонирхолтой байна. Улмаар гурван улс хуваан эзэмших хувь хэмжээ нь хүртэл Улаанбаатар төмөр замынх 51 хувь байя гэсэн саналыг тавихад бэлэн байгаа.  Хамгийн гол нь дээрх логистикийн төвөөр дамжуулж Монгол урд, хойд хөршийн өргөн сүлжээний төмөр замыг ашиглах боломж бүрдэх юм. Ийм өргөн хүрээнд тээвэрлэлт хийвэл зардал, өртөг ч хямдарна.

-Монголын төмөр замыг тойрсон асуудал өнгөрсөн 10-р сард олон нийтэд ил болж, тухайн компанийн захирлын албан тушаалыг хашиж байсан Б.Батзаяаг хуулийнхан баривчилсан. Одоо ч цагдан хорьж, хэргийг шалгаж байна. Энэ талаарх таны бодол?

-Би Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих төрийн шийдвэр гарч, ажил эхлэх үед  Засгийн газрын агентлаг төрийн удирдлага зохион байгуулалтыг хариуцсан Төмөр замын хэрэг эрхлэх газрын дэд даргын албыг хашиж байсан. Тухайн үед “Монголын төмөр зам” ТӨХК-ийг байгуулж, төмөр замын шинэ төсөл хөтөлбөрийг эхлүүлэх ажил буруу замаар будаа тээсэн. Ийм байсныг тухайн үед ил тод ярьж байсан. Яагаад гэвэл миний нүдэн дээр ил тод харагдаж байсан. Төмөр замыг барьж, байгуулах, ашиглах дэс дараалал, арга технологи, шаардлагатай хөрөнгийг босгох техник эдийн засгийн үндэслэлүүд бүгд анхны төмөр зам барих бодлоготой зөв холбогдоогүй. Энэ нь л өнөөдөр ийм байдалд хүргэлээ. Бид нарын алдаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийг зөв зүйтэй удирдсан бол баривчилгаа,  шалгалтын асуудалд унахгүй байсан. Оронд нь олон шинэ төмөр замууд ашиглалтад орж одоогийн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн тээвэрлэлт өөр түвшинд очих байсан юм.

-Үнэхээр Б.Батзаяа дарга асан, БНСУ-ын “Самсунг” компанийн удирдлагатай нийлээд төсвийн мөнгөнөөс хувьдаа завшсан юм уу?

-Энийг цагдаагийн байгууллага шалгах ёстой гэж би тухайн үедээ хэлж байсан юм. “Самсунг” гэдэг компани төмөр замыг барьдаг, ашигладаг цаашилбал ийм төсөл хэрэгжүүлж, орчин үеийн төмөр замыг барьж, Монгол Улсад хүлээлгэн өгдөг гэж би сонсоогүй юм байна. Төмөр зам барьж чадахгүй компанийг тендэрт шалгаруулж, төсвөөс мөнгө өгсөн нь Монгол Улсын төр төмөр замыг барьж, байгуулах ажлыг зохион байгуулж, энэ салбарын хамтын ажиллагааг үр ашигтай ашиглаж чадахгүй байгаагийн илрэл.

-“Самсунг” компанийн хэрэгжүүлэх төслийн туслан гүйцэтгэгчээр Монголын 14 компани ажиллаж, төмөр замын далан барих газар шорооны ажлыг хийсэн гэсэн. Энэ үнэн үү? 

-“Самсунг”компанийн барьсан төмөр зам Монголд байхгүй. Би мэдэхгүй, сонсоо ч үгүй юм байна. Харин үндэсний 14 компанийн газар шорооны ажилтай бид очиж танилцсан. Хэвлэлээр гарсан мэдээллийг харсан.  Тэр газар шорооны ажлыг хийгээд дээр нь төмөр замын рейс, шапаалийг тавиад төмөр зам босно гэвэл эндүүрэл. Ийм хэмжээний ажлыг хийж өгье гэж гэрээ хийсэн байна лээ. Би гэрээг нь үзсэн. Ингэж төмөр зам амь орохгүй. Төмөр зам чинь өртөө зөрлөгтэй. Орчин үеийн дохиолол, хөдөлгөөн зохицуулалтын системтэй. Энд ажилладаг мэргэжлийн хүмүүс байдаг юм. Ингэж гэмээнэ төмөр зам амь орж, ажлаа хийдэг. Түүнээс биш овоолоод тавьсан шороо, хэлхээт тавьсан рейс, шапаал бол төмөр зам биш.

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих төслийн санхүүжилтийн 60 орчим хувийг “Самсунг” компани авсан гэдэг. Та үүнийг юу гэх вэ?

-Мөнгөний дүнг би мэдэхгүй. Төмөр зам барих ажил хэсэг бүлэг хүмүүсийн тоглоом  биш. Жинхэнэ төмөр замчид өнгөрсөн үеийн төмөр зам барих төслийн гадна байсан гэдгийг тодотгоё.

-Мэргэжлийн бус, өөр зорилготой хүмүүс төмөр замын салбарт орж ирсэн гэж ойлгож болох уу?

-Төмөр замын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх арга хэлбэр дээрээ гаргасан Монгол Улсын, бидний алдаа юм.

-Өмнө нь та хуурамч Маккензи Монгол Улсад орж ирсэн гэж мэдээлсэн. Тухайн компанид албан ёсны бичиг хүргүүлнэ гэсэн. Тэр албан бичгийн хариу ирсэн үү? 

-Тэд хариу ирүүлэх нь битгий хэл зугтаасан.

-Яагаад?

-Хуурамч л байсан байхгүй юу. Жинхэнэ “Маккензи” техник, эдийн засгийн үндэслэл нь хаана байна гэсэн чинь “энэ зөвлөх үйлчилгээ байсан” гэсэн хариу өгсөн. Тэгвэл зөвлөх үйлчилгээний тайлангууд хаана байна гэж асуухад “Монголын төмөр зам ТӨХК-ийн гаргасан, хийсэн тайлангууд” байсан. Би “Маккензи” компанийн тайланг үзье гэж, зохих түвшний бүх газарт хандсан.

-Албан ёсны “Маккензи” гэж компанид нь хандаж үзсэн үү?

-Жинхэнэ “Маккензи” нь хаана байдаг юм. Би мэдэхгүй байна. Хандаагүй. Бидэнтэй ажилласан компани бол Бээжин, Шанхайгийнх ч юм шиг байсан. Хэсэгчилсэн оролцсон ч юм шиг, хэд хэд компани нийлсэн ч юм шиг  замхарч, сүүлд нь Монгол төмөр зам ТӨХК барих, ашиглах “ТЭЗҮ” тооцоо судалгаатай үлдсэн. Хэрэв тэр“Маккензи” компани зах зээлийн судалгаа хийсэн бол нэг өөр хэрэг. Гэтэл өөрсдөө төмөр замын судалгаа хийсэн гэж яриад байгаа. Тийм техник эдийн засгийн үндэслэл хаана байна. Ямар нөхцлөөр төмөр зам барих, ашиглалтад оруулах байсан юм. Энэ бол алдагдсан боломж болж дууслаа.

-Энэ мэтчилэн төмөр замын ажилд оролцох компанийг “Монголын төмөр зам” ТӨХК сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд сонгож,  гэрээ байгуулж байна. Үүний ард хэн нэгний бизнес яваад байна гэсэн хардалт байна.

-Ер нь төмөр замыг барих, ашиглах ажлыг бүх компаниуд эрх тэгш ороод хийдэг зүйл биш. Зөвхөн тухайн ажлаа хариуцлагатай хийж, ашиглалтад өгөх туршлагатай том компаниуд орж хийдэг ажил. Гэхдээ энэ компаниудын хийх ажлыг хэтэрхий олон салгажээ. Жишээлбэл хууль, санхүү, хяналтын зөвлөх ажил, дээр нь санхүүгийн олон шаардлагагүй зөвлөгөө, зураг төслийг боловсруулдаг, техник эдийн засгийн үндэслэлийг гаргадаг гээд маш олон цаас үйлдвэрлэдэг компаниуд олширсон байна.

-Энэ хэн нэгний далд бизнес үү?

-Үүний ард маш их мөнгө угаах бизнес явж байгаа. Тэд маш их цаас, баримт, зохиол үйлдээд явна. Төмөр зам барихаар жинхэнэ газар шорооны ажлаа хийгээд, гүүр, хоолойгоо бариад, рейс төмрүүдээ угсрах ажлуудаа хийсэн үү гэхээр байхгүй. Үзүүлэх юу ч гарахгүй.

-Та ингэж цаасаар ажиллаж хийж буй компанийн нэрсийг дурдаач?

-Цаасаар ажил хийж буй компанийн нэрийг би бүгдийг нь мэднэ. Санхүүгийн зөвлөх “BNP Paribas”, техникийн зөвлөх “Nippon koei”, хяналтын зөвлөх ‘DB international’ гэсэн гадны компаниуд байна. Хэдэн сая ам.доллар аваад, ямар ажил хийснээ дээрх компаниуд надад танилцуулах ёстой шүү дээ.

-Ард нь хэн гэдэг хүн байгаа бол? Улс төрийнхөн хамааралтай юу?

-Дээрх компаниудыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулалттайгаар, хуйвалдааны журмаар оруулж ирж байгаа нь ойлгомжтой. Улс төрийнхнөөс илүү эдгээр компанийн нэр нүүрийг ашиглах гэсэн бүлэг хүмүүс л яваа гэж бид бодож байна. Дэлхий дээр олон зөвлөх компани байдаг байх.

-Үе үеийн Зам тээврийн сайд нартай холбоотой юу?

-Зам тээврийн сайд нар төсөл хэрэгжүүлэгч биш. Бодлого, тухайн Засгийн газрын тэр салбарыг хариуцдаг хүн. Төслийг хэрэгжүүлдэг өөр зохион байгуулалтай, хэрэгжүүлдэг хүн байдаг юм.

-А.Гансүх Зам тээврийн сайд байх үедээ 64 сая ам долларын өртөгтэй зүтгүүрүүдийг оруулж ирсэн байдаг. Гэхдээ одоо ашиглагдахгүй танай хашаанд үзмэр болоод тавигдаж, цаашид ашиглах боломжтой юу?

-Энэ зүтгүүрүүдийг ашиглах боломжгүй. А.Гансүх сайд асан өөрөө эдгээр зүтгүүрийг ашиглаж болохгүй гэсэн шийдвэр дээр гарын үсэг зурсан. Хурлын шийдвэр, протокол нь надад байгаа. Мөн дээрх зүтгүүрүүдийг стандартын хувьд Монголд таарахгүй. Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн илүүдэлтэй учраас ашиглаж болохгүй гэсэн саад, тотгор тавих байсан бол анхнаасаа өртөг өндөртэй зээлээр яагаад авав гэдэг асуудал. Үүнийг худалдаж авсан үүх, түүхийг шалгах хэрэгтэй. Машин механизм тус бүр яг хичнээн төгрөгийн өртөгтэй орж ирж, Монгол Улсыг өрийн дарамтад оруулсан гэдгийг тогтоох шаардлагатай. Зам ачигч машин механизмыг ямар төмөр замд ашиглах, ирээдүйд ч ашиглах эсэхийг нь шийдэх ёстой. Энэ бол үнэхээр ямар ч тооцоололгүй хөрөнгө оруулалт. Төмөр замын нэгдсэн систем, тогтолцоог ойлгоогүй шийдвэр.

-Яг үүн шиг рейлбус хаана явна? Ашиглаж байна уу?

-Зүүн хараа, Дархан чиглэлд аялуулж байгаа. Налайх руу бас явуулах сонирхолтой байсан. Гэхдээ төмөр замын доогуур нүүрс олборлоод, цөмрөх аюул үүссэн.

-Ирэх жилүүдэд Богд уулыг тойрсон төмөр замыг барина гэсэн? Ажил хэзээнээс эхлэх вэ?

-Эхний ээлжинд ирэх хавраас Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” өөрийн хөрөнгөө гаргаад  Сонсголонгийн гүүрнээс цааш шинэ нисэх буюу Хөшигтийн хөндий рүү 30 километр төмөр зам тавьж “Айрэкспресс” гэсэн богино эргэлтийн галт тэрэг аялуулах төлөвлөгөөтэй байна. Хот энэ ажилд хамтарна байх. Тухайн шинээр баригдах зам нь цаашаа Төв аймгийн Зуун мод сум гээд Богд уул тойрсон цагариг хэлбэрийн хөнгөн төмөр зам болж өргөжинө. Нэг километр төмөр замыг 1-1.5 сая доллараар барина. Хөшигтийн хөндийн нисэх буудал, вокзал хоёрын хооронд вагон явдаг болно.

-Бэлэн ийм төмөр зам барих “УБТЗ” гээд компани байхад гадны зөвлөх компанийг оруулж ирэх шаардлагатай юм уу?

-Олон  зуун сая доллар зарцуулж, зөвлөх үйлчилгээ авна гэдэг тэнэглэл. Том хэмжээний уул уурхай түүнтэй холбоотой төмөр зам буюу тухайн бүтээгдэхүүнийг далайд гарах борлуулалтыг цогцоор нь шийдсэн төсөл хэрэгжүүлэх гэж буй бол ажлаа хийж чаддаг гадны компанид барьж, шилжүүлэх нөхцөлтэйгээр хийлгэх хэрэгтэй. Зам тээврийн яам, Засгийн газар ийм том өргөн цар хүрээтэй мега төсөлд оролцож, хэрэгжүүлэх шаардлагагүй. Дэлхийн аль ч улс орны Засгийн газар ийм ажилд орооцолдохгүй. Оюутолгой төслийг “Оюутолгой” ХК, “Рио Тинто” компаниуд л хэрэгжүүлнэ. Яг энэ жишгээр Тавантолгойн төслийг “Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК эсвэл “Энержи ресурс” ХХК зэрэг компаниуд хэрэгжүүлэх ёстой. Төмөр зам барих, ашиглах зураглалыг яаж шийдэж, ашиг гарах уу?, ачаа тээвэрлэлт нь ямар байх вэ? гэдгээ тодорхойлуулахын тулд бидэнд хандах нь зөв.

-Зам тээврийн яамнаас, Монголын төмөр зам компаниас та нарт хандаж  үзсэн үү?

-Хандах хүсэл эрмэлзлэл заримд нь байсан ч заавал гадагш нь үнэ цэнэтэй компаниудад хандсан байгаа юм.

-Танайд боловсон хүчин нь хангалттай байна уу?

-Мэргэжлийн мэдлэг, чадвартай инженерүүд бэлэн байна. Байгаль орчны үнэлгээ хийдэг, геодези, гедрогеологийн дотоодын компаниуд хамтран ажиллавал өлхөн хийнэ. Улаанбаатар төмөр зам энэ ажлыг одоо ч хийхэд бэлэн байна.

Ярилцсанд баярлалаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна