Миланд гурав хоног автомашин явахгүй

2015 оны 12 сарын 25

 

Агаарын бохирдлын эсрэг дэлхийн олон хотод хөдөлгөөнд оролцох автомашины тоог хязгаарлах арга хэмжээг авч байна. Италийн Милан хотод агаарын бохирдлын эсрэг ирэх долоо хоногт гурван хоног автомашин, мотоцикл хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Автомашингүй өдрүүдэд зориулан нийтийн тээврээр зорчих бүтэн өдрийн тасалбар гаргах гэнэ. Бүхэл өдөржин нийтийн тээврээр зорчих эрхийн тасалбар нь 1.50 евро байх аж. Автомашины хязгаарлалт ирэх даваа гаригаас эхлэн гурав хоног үргэлжлэх гэнэ. Түүнчлэн уламжлалт ёслолын буудлагыг хийхийг хориглосон байна.

 

Милан нь 2008 оноос хойш Европын хамгийн бохирдолтой хотоор нэрлэгдэх болсон юм. Өнгөрсөн хугацаанд Милан хотын албаныхан агаарын бохирдлын эсрэг  автозамын хөдөлгөөнийг хэд хэдэн удаа зогсоож байжээ.

 

Үүний зэрэгцээ Испанийн хоёр том хотод агаарын бохирдлыг бууруулахын тулд дээрх арга хэмжээг авчээ. Испанийн Барселон хотод өнгөрсөн долоо хоногт хурдны хязгаарлалт тогтоосон бол Мадридад өнгөрсөн сараас хойш хөдөлгөөнд оролцох автомашины тэн хагасыг нь хориглосон аж.

 

Мөн Хятадын нийслэл Бээжин хотод энэ арванхоёрдугаар сард хоёр удаа автомашины дугаарын хязгаарлалт тогтоосон юм. Бээжинд дугаарын хязгаарлалттай өдрүүдэд 112800 автомашин дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцсоноос 1.6 сая ам.долларын торгуул төлөх болсон аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна