Байртай болох нь "нүгэл" үү?

2015 оны 12 сарын 25

Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн асуудал АН, МАН-ын  дундах хэрүүлийн алим болж хувирлаа. Уг нь  улстөржүүлээд байх сэдэв биш хэн нэгний орон байртай болох, цаашлаад банк, барилгын салбарын хувь заяаг шийдэх нийгэм, эдийн засгийн  нэн чухал асуудал юм шүү дээ.

Төв банкны вэб сайтад гарсан мэдээллээс харахад 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар банкуудаас олгосон орон сууцны ипотекийн зээл (ОСИЗ)-ийн нийт үлдэгдэл 3413 тэрбум төгрөг, нийт зээлдэгч өрхийн тоо 76,583 хүрчээ.

Монголбанк, Засгийн газар хамтран Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр-ийг 2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд нийт зээлийн 75 хувь буюу 2570 тэрбум төгрөгийг  шинээр олгосон болон дахин санхүүжүүлсэн зээлийн нийлбэр бүрдүүлж байгаа бол банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл 23 хувь буюу 778 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээр олгосон зээл хоёр хувь буюу 65 тэрбум төгрөг байна.

Өөрөөр хэлбэл, урт хугацаатай, хямд хүүтэй зээлээр 76 мянган өрх орон байртай болсон  гэвэл  Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанд  Нямдоржийн хэлсэн шиг  “Нүгэл нүдээрээ гарч байгаа юм” гээд зүгээр орхичих  асуудал биш байлтай. Харин ч энэхүү зээлийг үргэлжлээсэй гэсэн хүлээлт олон нийтэд их байна.

Хэрэв энэ зээлийг зогсоовол эдийн засагт төдийгүй нийгэмд үүнээс том асуудал үүсч магадгүй.  Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын өгсөн “ҮХЦ-ийн шийдвэр нь банкуудаас 856.4 мянган иргэн, ААН-д олгосон 1.9 их наяд төгрөгийн зээлийн барьцааг эрсдэлд оруулж байна. Үндсэндээ бол цэцийн шийдвэрээс болж ипотекийн зээлийн асуудал зогсонги байдалд ороод байна. Нийт зээлийн 96.8 хувь нь хэвийн, 2,5 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.7 хувь нь чанаргүй ангилалд байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалж дан ганц найман хувийн хүүтэй зээл ч биш бусад үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлүүд зогсох эрсдэлтэй байна” гэсэн мэдээлэлд  шийдвэр гаргах төвшний хүмүүс нь ядаж л анхаарлаа хандуулах ёстой юм. Түүнээс “АН-ын хэрэгжүүлсэн зээл унавал унана биз” гэсэн улс  төрийн тоглолт хийж, найман хувийн зээлийг зогсоосон Цэцийн шийдвэрийг балиашиглах аваас намынх нь барилгын бизнес эрхлэдэг нөхдүүд ч бас дампууралд хүрнэ шүү гэдгийг МАН-ынхан эрх биш тооцож суугаа байлгүй.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2015 оны 11 дүгээр тогтоол нь зээлийн барьцаа хөрөнгө, зээлийн багц, хадгаламж эзэмшигчид, зээлдэгчид болон зээлдүүлэгчдийг бүгдийг нь эрсдэлд оруулах сөрөг үр дагавар үүсгээд байгаа юм.

Цэцийн зүгээс өөрийнхөө шийдвэрийг хамгаалах тайлбар хийж буй ч энд дашрамд хэлэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага, цаг нөхцөл бүрдсэнийг   бодит амьдрал дээрх  энэ мэт олон жишээ харуулж буй.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр цэцийн иймэрхүү шийдвэрүүд энгийн иргэдийн төдийгүй эдийн засагт сөргөөр нөлөөлөх болоод удаж байгаа юм.  

Найман хувийн хүүтэй зээлийг зогсоосноор эдийн засагт ямар эрсдэл учрах вэ?

  1. Монгол Улсын банкуудаас 856.4 мянган иргэн, аж ахуйн нэгжид олгосон 11.9 их наяд төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгийг эрсдэлд оруулах, аливаа үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зогсоох, санхүүгийн зуучлалыг хумих, нийт санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсгэх;

  2. Банкны салбарын 21.3 их наяд төгрөгийн актив, 2.4 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийг системийн шинжтэй эрсдэлд оруулах, санхүүгийн салбарын активыг үнэгүйдүүлэх;

  3. Нийт 7.3 их наяд төгрөгийн хадгаламж бүхий 2.8 сая иргэн, аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах, системийн шинжтэй тогтворгүй байдлын эрсдэлийг өдөөх;

  4. ОСИСТТБ хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоох, шинээр зээл олгогдохгүй болоход хүргэх;  

  5. Зээлийн хүүг нэмэгдүүлэх, эдийн засагт үр ашиггүй, шаардлагагүй зардлыг өсгөх;

Зээлийн тасалдлаас үүдэлтэй санхүүгийн тогтворгүй байдал, эдийн засгийн агшилт-хямрал бий болгох, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх зэргээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм. Тиймээс энэ зээлийг үргэжлүүлэх ёстой гэдгийг арай эрүүлээр сэтгэдэг улстөрчид бол дэмжиж буй.  Харин инфляци буурч, улсын хэмжээнд 4.9 хувьтай гарсан өнөөгийн нөхцөлд бодлогын хүү болон  зээлийн  хүүг буурах ёстой юм.

Энэ талаар  УИХ-ын дарга З.Энхболд өөрийнхөө нүүр номын хуудсаараа “Найман хувийн зээлийн хүүг бууруулж далайцыг нэмье. Инфляци 14 хувь байхад эдийн засагт нийлүүлсэн 4 их наядын 3-ыг нь иргэддээ орон сууц авахад нь дэмжлэг болгож зээл хэлбэрээр гаргаж болсон юм чинь инфляц одоо 3 хувь байхад харин ч хүүг нь бууруулж далайцыг нь нэмэх хэрэгтэй. Эрэлт хот хөдөөд өндөр хэвээр байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ.

Инфляцийн нам төвшинд мөнгөний зөөлөн бодлого уг нь үйлчилж байх учиртай. Бодлогын хүү буурснаар зээлийн хүү, байрны үнэ ч буурна.  Тэгэхээр найман хувиас бага хүүтэй, урт хугацаатай, урьдчилгаатай багатай орон сууцны зээлийг үргэлжлүүлэх боломж бий. Харамсалтай нь, ирэх сонгуулиас өөрийг бодохоо больсон улстөрчдөд энгийн  иргэд үнс тортог дунд амьдрах нь ашигтай байдаг юм биш биз. Шуудай нүүрс, уут гурилаар саналыг нь худалдаад авахад амархан ч байдаг биз. Гэхдээ, уучлаарай, иргэд шуудай нүүрс, уут гуриланд хууртагдахаа аль хэдийн больсон шүү дээ. Найман хувийн хүүтэй зээлийг яагаад  зогсоосон юм бэ, зогсоохыг аль нам илтээр болон ихээр дэмжсэн бэ гээд өөрсдөөс чинь гэм, нүгэл асуух болно шүү.  

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна