Холливуудын жүжигчинд өршөөл үзүүлэв

2015 оны 12 сарын 25

Калифорнийн захирагч Жерри Браун Холливуудын жүжигчин Роберт Даунигийн бараг 20 жилийн өмнө холбогдсон хар тамхины хэрэгт өршөөл үзүүлсэн байна.

Калифорни муж хам тамхины эмчилгээнд явж, эдгэрсэн 91 хүнд өршөөл үзүүлсний дунд Роберт Дауни багтжээ. Жүжигчний албан ёсны вэб сайтад “хар тамхинаас гарч, сайн үлгэр дуурайл” болсон тул өршөөл үзүүлсэн гэж бичжээ. Өршөөл нь түүний нэр хүндийг сэргээгээд зогсохгүй сонгууль өгөх эрхийг сэргээж байгаа юм. Хар тамхи хэрэглэсэн хэргээр хэд хэдэн удаа баривчлагдаж байсан Роберт Дауни Холливуудын хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг боловч хар тамхинд донтсон нь түүний амжилтад сөргөөр нөлөөлсөн юм.

Жүжигчин 1996 онд хар тамхинд орж, машиндаа кокаин, героин болон галт зэвсэг авч яваад цагдаад баригдсан билээ. 1996-2000 оны хооронд Дауни мансууруулах бодисын эсрэг хэд хэдэн удаагийн эмчилгээнд орж, 1999 оны наймдугаар сард нэг жилийн хорих ял авч Калифорнигийн шоронд хүмүүжсэн юм.

Роберт Дауни 1992 онд “Чаплин”, 2008 онд “Ширэнгийн аянга” киноны дүрээр Оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. Харин 2008 онд Уолт Дисней компани Даунид итгэл хүлээлгэж Марвелийн комик цувралаас сэдэвлэсэн “Авенжерс”, “Төмөр хүн” зэрэг кинонд тоглосон юм.

Калифорнийн шүүх Роберт Даунид хар тамхины эмчилгээ үр дүнтэй болсныг баталсан сертификат олгосны дараа түүнд өршөөл үзүүлэх шийдвэр гарсан байна.

Өршөөл үзүүлэх тогтоолд түүнийг сайн үлгэр дуурайл болж, хуулийг сахин, зөв шударгаар амьдарч чадах иргэн гэдгээ харуулсан” гэж бичжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна