Ирвэс хамгаалагч залууд хүндэтгэл үзүүлэв

2015 оны 12 сарын 25

Тост Тосонбумбын нуруун дахь цоохор ирвэсийг хэнээс ч илүү сайн мэддэг, байгаль хамгаалагч талийгаач  Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өнөөдөр БОНХАЖЯ-ны Хаан танхимд боллоо.

Талийгаачийг нэхэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус яамны газар хэтсийн дарга, мэргэжилтнүүд болон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл, Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн оролцлоо.

Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм. Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг “Хос ажиглагчийн арга” ашиглан хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд болон хүүхэд залууст байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгааны ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажилласан нэр хүндтэй залуу судлаач байлаа.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг  журмын нөхөд, ар гэрийнхэн, ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдаас сонсож мэдлээ. Дэндүү ихийг бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисонд нь гүнээ харамсаж байна. Түүний хийсэн бүтээсэн үйл ажил бүхнийг үргэлжлүүлэн, дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хамгаалж, талийгаачийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийнэ” хэмээн хэллээ.

Талийгаачын ах Т.Ганболд дүүгийнхээ хэрхэн анх биологич мэргэжлийг хүсэн байж сонгосныг хоолой зангируулан ярьж байсан бол Ирвэс хамгаалах сангийн хамт олноос талийгаачийн амьд ахуй цагтаа хийж, хэрэгжүүлж байсан үйл хэргийг баримтат кино болгон  үзүүлсэн юм.

                                                            БОНХАЖЯ-ны Хаан танхим 11:30 минут

             

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна