Колумб эрчүүд яагаад маникюурт дуртай вэ?

2015 оны 12 сарын 25

Боготагийн шоронд хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял эдэлж буй хоригдлууд камертаа маникюрист дуудан, хумсаа янзлуулж “тансагласан” тухай  мэдээ тарсан нь Колумбын иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн билээ. Эрхээ хасуулсан хүмүүс яагаад ийм тусгай эрх эдэлж байгааг иргэд асууж байжээ. Харин ихэнх хүмүүс үүнийг хэдэн эрчүүд хумсаа янзлуулаал биз, юу нь болохгүй байхав гэж үзсэн юм.

Учир нь Колумбад эрчүүд хумсаа янзлуулах нь эмэгтэйчүүд нүүрээ буддагтай адил ердийн үзэгдэл гэнэ. Эрчүүд хумсаа эгээ л эмэгтэй хүн шиг засаж, будсан байхыг  Зэвсэгт хүчний чөлөөнд гарсан офицеруудын холбооны хурал дээр ч харж болно. Харин муухай хумстай эрийг Колумбаас хайгаад ч олохгүй. Колумбад эрчүүд хумсаа будах нь зүгээр жирийн тохиолдол биш, тогтсон уламжлал гэж хэлж болно. Хачирхалтай нь тэд хумсаа зүгээр өөрсдөө засаж, будах биш, заавал мэргэжлийн маникюристаар будуулах дуртай гэнэ.

Колумбын нэгэн вэб сайтад явуулсан судалгаагаар тэдний эрчүүд бусад орны эрчүүдээс илүү хумсаа засч, янзлуулах дуртай нь тогтоогдсон юм. Судалгаанаас харахад Бразильд эрчүүдийн 14 хувь, Мексикт 11 хувь, Аргентинд 9 хувь, Чилид эрчүүдийн 5 хувь нь маникюр хийлгэдэг бол Колумб эрчүүдийн 27 хувь нь заавал маникюр хийлгэдэг байна.

Богота хотын гоо сайхны салоны эзэд судалгааны дүнд ердөө ч гайхаагүй юм. Маникюр салоны гоо сайханч хэлэхдээ "Латин Америкийн бусад оронтой харьцуулахад манай энд эрчүүд маникюр хийлгэх нь маш түгээмэл” гэжээ.  Тэднийхээр үс, хумсаа засуулахаар өдөрт орж ирдэг  үйлчлүүлэгчдийн 30 хувь нь эрчүүд байдаг гэнэ. Өдөрт дунджаар 50 эрэгтэй үйлчлүүлэгчдийн 15 нь хумсаа засч, будуулдаг ажээ. Хумсаа засч янзлуулдаг тэдгээр эрчүүд нийгмийн бүх давхаргын гишүүд байдаг гэнэ. Гэвч Колумбын соёлын энэ үзэгдлийг бусад орны иргэд гайхан хүлээж авдаг.  Хэдэн сарын өмнө Парист болсон гоо сайханчдын олон улсын үзэсгэлэн дээр орон орны маникюристууд Колумб эрчүүдийн хумсаа засаж, будсаныг хараад мэл гайхсан гэдэг.

Колумбад жаахан хүүгээс авхуулаад 80 настай өвгөн хүртэл хумсаа буддаг. Ялангуяа цэргийнхний дунд ийм үзэгдэл түгээмэл бөгөөд зэрэг зиндааг илэрхийлдэг болжээ. Колумбын иргэн 80 настай Кастро одоо ч хумсаа засаж, янзлуулах дуртай нэгэн. Түүний аав нь цэргийн албан хаагч байсан бөгөөд хумсаа бас л янзлуулах дуртай байжээ. Түүний өвөө ч бас хумсаа янзлуулах дуртай байсан гэнэ.

Колумб эрчүүдийн хумсаа янзлуулах дуртайг тайлбарлах нэг л шалтгаан бий. Тэр бол эмэгтэйчүүдэд таалагдах. Эмэгтэй хүн эрчүүдийн гутал, хослол, бас хумсыг хамгийн түрүүнд хардаг гэж тэд боддог байна.

Колумб эрчүүд маникюр хийлгэхдээ зөвхөн янзлуулах биш, суурь, өнгө, бас гялалзуулагч лакаар будуулдаг ажээ. Ийм үйлчилгээний хөлсөнд эрчүүд дунджаар 15,000-40,000 песо (4,5 ам.доллар) төлдөг байна.

Соёлын ийм үзэгдэлд нийгмийн давхаргын ялгаа байхгүй бөгөөд банкны захирлаас авхуулаад цагдаа нар, тэр бүү хэл “ФАРК” буюу босогчдын “Хувьсгалт зэвсэгт бүлэглэл ”-ийн гишүүд хүртэл муухай хумстай байхыг тэвчдэггүй.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна