“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2015 оны 12 сарын 25

Хуульчдын тухай өгүүлдэг сэтгүүлийн шинэ дугаарт гавьяат хуульч Ц.Сарантуяа зочноор уригдсан байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж асан тэрбээр “зөвийг олж тогтоодог, бусдад зөвийг ойлгуулдаг байх нь хуульчийн үүрэг бөгөөд бахархал” хэмээн хэлжээ.

Мөн төрийн алба бүхэлдээ “чанарлаг” байж гэмээ  нь төрийн дархлаа сайжрах тухай өгүүлээд “Муу хуультай төр оршин тогтнох боломжтой, харин муу албаттай төр оршин тогтнох боломжгүй” хэмээн Отто фон Бисмаркийн хэлснийг онцолж, төр улсаа зөв хамгаалах чин хүсэл зориг шийдвэр гаргагчдад  байх явдал хамгаас илүү чухлыг сануулсан байна.

Ахмад сэтгүүлч Ч.Энхдалайн бичсэн “Цаг зуурын шүүхийн анхны дарга Х.Чойбалсан”-гийн тухай өгүүлэл уншигчдын сонирхлыг татах нь мэдээж. 1924 онд анхдугаар Үндсэн хуулийг баталснаар орчин үеийн жинхэнэ шүүх байгууллага үүсэх нөхцөл бүрдэж эхэлсэн билээ. Түүнчлэн МАХН-ын III их хурал, Улсын II их хурлаар иргэдийн эрх чөлөөг хуулиар хамгаалах, шинэ нийгмийн сахилга батыг тогтоох, хүмүүжүүлэн сургах, хуучны шүүхийн тогтолцоог халах зорилгоор ардын шүүхүүдийг байгуулах явдлыг Засгийн газар, Шүүх явдлын яаманд даалгасан ёсоор бий болсон шинэ шүүхийн байгууллагуудын анхдагч нь Х.Чойбалсангаар толгойлуулсан Цаг зуурын /түр цагийн ч гэдэг/ шүүх юм.

Ардын засгийн газрын 1925 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар хурлын тогтоолоор Засгийн газрын харьяанд Цаг зуурын ардын шүүхийг бие даалган байгуулж, даргаар нь Х.Чойбалсанг томилсон тухай энэ өгүүлэлд өгүүлээд анхны шийдвэрүүдийнх нь талаар сонирхолтой бичжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт хийх тухай яриа хүчтэй яригдаж байгаа энэ үед тус хуулийн “эх баригч” хөдөлмөрийн баатар гавьяат хуульч Б.Чимидийн эдүгээгээс 13 жилийн өмнө сэтгүүлчид өгсөн ярилцлага эрхтгүй нэгийг хэлэх биз ээ.

Сэтгүүл “Нэрийн хуудас”-аараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хуульч М.Батзоригтой хөөрөлджээ.

Мөн Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй хууль зүйн товчоо, нөхөрлөлүүдийн лавлагааг нийтэлсэн нь хүмүүст хэрэгцээтэй мэдээллийн нэг байх биз ээ.

“Хуульч news” сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр худалдааж байгаа аж. Мөн сэтгүүлийн шинэ оны захиалга эхэлснийг дашрамд дуулгая. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна