Хуурамч мэдээлэл түгээвэл үйл ажиллагааг нь зогсооно

2015 оны 12 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд хэвлэл, мэдээллийн байгууллагад хамаарах ноцтой заалт УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. Тодруулбал,  төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, хуурамч мэдээлэл тараах, гүтгэвэл шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага, зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ хэмээн заасан нь дэмжлэг хүлээгээд байгаа юм.

Мөн хуультай холбоотойгоор техникийн тооллогыг 50 хувьд хийх заалт дэмжлэг хүлээгээд байна. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Хяналтын тооллогоо техникийн тооллого гээд сольчихлоо. МАН-ынхныг би хэдэн жил энэ асуудлаар маргаан хийж байна гэж ойлгосон. Дээр нь 50 хүртэл гээд заачихаж байгаа учраас сонголтын арга гэдэгтэй зөрчилдөөд байгаа. Учир нь 30, 40 мянган хүний зөрүүтэй саналын хуудсыг дахин тоолно гээд сууж байх ямар хэрэгтэй юм. Энэн дотор ийм зөрчил байна. Эцсийн дүндээ хяналтын тооллого л чухал.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Хар машинд итгэхгүй учраас техникийн тооллого хийе гээд орж ирж байгаа. Журмыг нь Сонгуулийн ерөнхий хороо гаргана. Энэ журман дотор таны ярьж байгаа асуудлыг бүрэн тусгаж зохицуулах боломжтой. Хурлын протколд тэмдэглэж үлдээх хэрэгтэй гэсэн тайлбар хийлээ.

Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор нийт 20 гаруй саналаар санал хураалгаж дуусгаснаар анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.

Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүлээд байна.

Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирнэ. Тиймээс өнөөдөртөө багтаан Сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдах болж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна