Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо цэцэрлэгтэй болж, гэртээ цоожлогдон үлддэг 250 орчим хүүхэд  сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж эхэллээ. 230 дугаар цэцэрлэгийг нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулж, барьсан байна. Ингэхдээ төлбөрийн 50 хувийг дүүргийн төсвөөс, үлдсэн 50 хувийг барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Баяарс констракшн” компани барьж  шилжүүлэх нөхцөлтэйгээр гаргажээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орсон тус цэцэрлэг өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Нисэхийн 230 дугаар цэцэрлэгт 250 орчим хүүхэд зургаан бүлэгт хуваагдан хичээллэдэг. Д.Сүхмаа багштай таван настнуудын ангийнхан тус цэцэрлэгийнхээ хамгийн томчууд нь. Багачууд цэцэрлэгтэй болсондоо их баярлаж буйгаа илэрхийлээд үеийн найзууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ жилийн тухайд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт, концессын гэрээний хүрээнд шинээр таван цэцэрлэг ашиглалтад оржээ. Харин ирэх онд дахин хоёр цэцэрлэгийг барина гэсэн төлөвлөгөөг дүүргийн зүгээс гаргасан байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх хоёроос таван насны 12 мянга гаруй хүүхэд байдаг. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10 мянга 670 хүүхэд хамрагдан сурч байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж