З.Энхболд “Буянт Ухаа 2” хорооллын нээлтэд оролцов

2015 оны 12 сарын 25

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.25/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт Ухаа 2” орон сууцны цогцолбор хорооллын нээлтэд оролцов.

Нээлтийн ёслолын өмнө Улсын Их Хурлын дарга орон сууцны хорооллыг үзэж, танилцсан юм. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллагын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци “Буянт Ухаа 2” орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж, эхний ээлжийн 30 барилгыг ашиглалтад оруулж байгаа юм.

З.Энхболд: Орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулна

Тус цогцолбор хорооллын нээлтийн ёслолд Улсын Их Хурлын дарга оролцож, үг хэллээ. Тэрээр “Ардчилсан нам 2012 оноос хойш иргэдэд хэрэгтэй олон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Түүний нэг нь ард иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөр юм. Энэ хүрээнд “Буянт-Ухаа 1” хорооллыг босгож, одоо тэнд олон мянган айл амьдарч байна. Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийг хийж байна. “Буянт-Ухаа 1” орон сууцны хороололд 1764 өрх гэр бүл хямд үнэ, зээлийн бага хүүтэй, таатай нөхцөлөөр хамрагдсан бол “Буянт-Ухаа 2” хороололд энэ нөхцөлөөр нийт 2500 өрхийг хүлээн авахаас өнөөдөр 1620 өрх орон сууцандаа ороход бэлэн боллоо.

Засгийн газар 2012 оноос хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44336 өрх 2 их наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна. Мөн 25000-26000 өрх өндөр хүүтэй байсан ипотекийн зээлээсээ бага хүүтэй зээл рүү шилжсэн. Бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2014 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байна” хэмээн хэллээ. Түүнчлэн энэ бүтээн байгуулалтыг дагаад 2013-2014 онд барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн нь Монгол Улсын барилгын салбарт сүүлийн 20 жил хийгдсэн бүтээн байгуулалттай харьцуулбал таш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. 

Энэ үеэр найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийг бүх зүйл, зүйл заалтаар нь дахин батлахаар ажиллаж байгааг дуулгасан юм. Үүний зэрэгцээ инфляци гурван хувьд хүрч буурсантай холбоотойгоор орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа гэв.

Э.Бат-Үүл: Ард түмнийг орон сууцжуулах бодлогыг улс төржүүлж болохгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, өнөөдөр орон сууцанд орж буй иргэдийн тоо 1000 биш, 10000 биш, 100, 100 мянгаар хэмжигдэж байна. Өсөн нэмэгдэж байгаа энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд, өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж тэдний үндсэн амьдралын хэрэгцээг бүтээн бий болгож байгаа нь гайхалтай. Хавар суурийг нь тавиад, намар ашиглалтад оруулдаг ийм тохиолдол ховор. Монгол Улсын хувьд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын түүхэнд Та бүхний хийж байгаа энэ бүтээн байгуулалт онцгой хувь нэмэр оруулж байна. Та бүхэндээ нийслэлчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Нийслэлийн 600 гаруй мянган иргэн орон сууцанд орох хүлээлттэй байгаа бөгөөд ТОСК-ийн ажил хэдэн хувьтай байгааг иргэд маш их сонирхож байгааг дамжуулая. Өнөөдөр энд ирэхдээ зөвхөн барилгачдад баяр хүргэх биш, УИХ-д нийслэлчүүдийн өмнөөс хүсэлт тавихаар ирсэн. Саяхан Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр, мөн хүн ардыг орон сууцаар хангах асуудлыг улс төржүүлж байгаа нь үнэхээр харамсмаар зүйл болсон. Нийслэлд 100, 100 мянган хүн орон сууцанд орох хүлээлттэй байна. Гэтэл ипотекийн зээлийн асуудал хүндрэлд ороод байна. Ямар ч өндөр хөгжилтэй оронд ард иргэд нь моргейжоор л байртай  болдог. Америк, Герман гээд бүхий л орнуудад моргейжийн зээлээр л орон сууцтай болдог практик байдаг. Орон сууцжуулах бодлогын гол эргэлт нь ипотекийн зээл байдаг. Орон сууцжуулах бодлогыг дагаад бүтээн байгуулалтын ажил их хийгдсэн шүү. Иймээс ард иргэдийг орон сууцжуулах бодлогыг, ипотекийн зээлийн асуудлыг битгий улстөржүүл гэдгийг бид НИТХ дээр ч ярьж байгаа, УИХ ч энэ асуудлаар битгий улс төрж гэж уриалмаар байнаа. Энэ орон сууцанд намаар ялгаж ороод байгаа зүйл байхгүй. Зээл хүссэн иргэд л орж байгаа, иймээс иргэдийнхээ үндсэн хэрэгцээгээр битгий улстөрж гэдэг хүсэлтийг УИХ-д тавьж байна. Мөн хашааны газрыг эргэлтэд оруулах боломж бий болж, УИХ өнгөрсөн 07 дугаар сард хууль баталсан ч Үндсэн хуулийн цэц бас хүчингүй болгосон. Иргэд яагаад хашааны газраа эргэлтэд оруулж, бизнес хийж болохгүй юм бэ. Иймээс эдгээр шийдвэрийг хатуу анхаарчээ. УИХ-ын гишүүддээ анхааруулаач хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэллээ.

Үүний дараа хүндэт зочид нээлтийн тууз хайчилж, “Буянт Ухаа 2” хорооллын оршин суугчдад түлхүүр гардуулж өгсөн юм.

Улсын комисс эхний ээлжийн 30 барилгыг “хангалттай сайн” гэдэг үнэлжээ

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар баригдаж буй “Буянт Ухаа 2” хорооллыг нийт 28 га талбайд барьж байгуулахаар төлөвлөжээ. Төслийн эхний ээлж болох 1620 айлын 9 давхар 20 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 6 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв, инженерийн дэд бүтийн төвийг барих ажлыг 2014 оны 06 дугаар сард эхлүүлжээ. Хоёрдугаар ээлжинд 12 давхар 60 барилга, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий цэцэрлэгийн 3 барилга, 250 хүүхдийн багтаамж бүхий сургуулийн 2 барилга, автомашины 7 давхар нэгдсэн зогсоол, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, үйлчилгээний барилга зэргийг ашиглалтад оруулах юм байна.

Хороолол дотроо цэцэрлэг, сургуультай гэдгээрээ “Буянт Ухаа 2” цогцолбор онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах үүднээс шаардлагатай шийдлүүдийг хийж өгсөн болохыг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга танилцуулсан юм. Улсын комисс тус хорооллын 30 барилгыг “хангалттай сайн” гэдэг үнэлгээтэйгээр хүлээж авсан бөгөөд эдгээр барилга газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байхаар баригдсан гэдгийг хэлсэн юм.

Үндэсний ажиллах хүчнийг ажилтай, орлогтой байлгах, хямд чанартай орон сууцаар хангах, барилгын үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын биелэл болсон “Буянт Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтад дотоодын томоохон 100 гаруй туслан гүйцэтгэгч, 80 гаруй бэлтгэн нийлүүлэгч компани оролцсон байна. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлын байрыг тогтвортой хадгалж ажилласан бөгөөд хорооллын хэмжээнд угсралтын үед 1500 гаруй, заслын ажлын явцад 1700 гаруй мэргэжилтэн ажилласан байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын оролцсон "Буянт Ухаа 2" хорооллын нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэр, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс, иргэд оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна