Сонгуулийн хууль батлагдлаа

2015 оны 12 сарын 25

Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцууллаа. Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн дүгнэлтийг дэмжиж өгөхийг А.Бакей хүслээ.

Ингээд Сонгуулийн хуулийн төслийн эцсийн найруулгаар санал хурааж эхлээд байна. Сонгуулийн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжих санал хураахад санал хураалтад оролсон 60 гишүүнээс 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр өмнөх сонгуулийн хуулиуд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуулиудыг хүчингүй болгох санал хурааж, олонх нь дэмжсэнээр дээрх хуулиуд хүчингүй боллоо.

Л.ХАЛИУ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна