"Там"-аар биш замаар явъя

2015 оны 12 сарын 26

Энэ долоо хоногийн онцлох нийтлэлээс хүргэж байна.


Хэдэн жилийн өмнө Хөвсгөл далай орох гэж замдаа зуур хонох нь энүүхэнд байв. Донсолгоотой холын замд хамаг гэдэс дотор хоорондоо холилоод гадаадынхан байтугай дотоодын жуулчид бид хямраад буудаг байлаа. Харин одоо “Хөвсгөл яваагүй хүн хүн биш” болжээ.   

Засмал замаар машины зөөлөн явдал дунд бүүвэйлэгдсээр шуудхан Хатгал орлоо. Намрын бороотой, сэрүүвтэр тэр өдрүүдэд ч Хөвсгөл далайг зорин ирэх жуулчдын цуваа тасраагүй юм.

Жилийн дөрвөн өнгөтэй, онгон байгалиараа гайхуулах Монголд аялал жуулчлалыг алт болгоход хамгийн ихээр үгүйлэгдэж байсан зүйл бол дэд бүтэц. Дэд бүтэцгүйгээр аялал жуулчлалаас мөнгө олоход яг үнэндээ боломжгүй.  Ямар сайндаа, олон жилийн өмнө Монголд ирээд Тайхар чулууг үзсэн Японы жуулчин “Ийм хол газар гэдсээ сэгсчүүлж ирээд үзсэн зүйл маань ердөө энэ чулуу юу” хэмээн гомдоллосон гэдэг. Тэр холоос ямархуу зам туулаад ирсний хувьд ойлгож болох л доо.

Гол нь чулуу үзээд гоморхсондоо биш, там шиг замаар олон цагийн турш “тамлагдсан”-даа л тэр шүү дээ.

Хөдөөгийн зам “там” байсан нь үнэн. Шороон замаар тоос босгоод, бороотой, шороотой өдрүүдэд харанхуй шөнөөр  замдаа төөрч, будилах нь энүүхэнд. Ямар сайндаа л  “Айл хэсдэг зам л гэх юм, Айраг цагааны зам л гэх юм. Энэ олон замын хаагуур нь явах вэ? таминь ээ” гэж дуулах билээ.

Зөвхөн хөдөөний зам ч биш хотын зам тэр чигээрээ бас там байсан даа. Том, том хагархай цоорхой үүссэн, жаахан бороо орохоор л түгжрэл гэж авах юмгүй, бараг л машиндаа хоноход хүрдэг байсан цаг ердөө гурван жилийн өмнө шүү дээ.  Одоо нийслэлийн зам зам шиг, ядаж л гадаадын жуулчдын өмнө нүүр улайхааргүй болж.  

Энэ бол нөгөө муу хэлээд байгаа бондын маань үр дүн шүү дээ. “Зам сайтай улсын заяа сайн” ч гэсэн үг орчин цагт гарсан байна лээ. 

Ямар дөрвөн замын уулзвар дээр төсвийн мөнгөөр нохойтой хөшөө барьчихсан биш. Түмэн олны явдаг замаа сайжрууллаа. Юу нь МАН-ынханд таалагдахгүй байгаа юм бүү мэд.

“Гудамж” төслийн буянаар хотын захын гэр хорооллын замууд толь шиг болсон. Өмнө нь зөвхөн том дарга нарын явдаг замыг л засдаг байснаас Баянхошууны Балдан өвөөгийн явдаг зам “там” байсныг ихэнх хүмүүс мэдэж байгаа байх. Хувийн зуслан руугаа улсын төсвийн мөнгөөр автозам тавьчихсан хотын том дарга байж л байсан. “Шилэн данс” гэж байгаагүй болохоор төсвийн мөнгөөр тухайн үеийн эрх баригчид ямар зам хаана, хэдэн төгрөгөөр тавьсныг, яаж "идэж уусны" иргэн Цогоо болон иргэд бид мэддэггүй өнгөрдөг байсан нь саяхан шүү дээ.

Тэгвэл өнөөдөр бондын мөнгө ямар ч байсан зам болж. Зам замдаа аялал жуулчлалыг алт болгох алхмыг тавьж. Зөвхөн Хөвсгөл ч гэлтгүй, Хоргын тогоо, Тайхар чулууг харахын тулд Монголоос “уйлаад” буцсан тэр япон жуулчны зовлонг амсахааргүй болсон байна.

ХОНОГИЙН ГАЗРЫГ ӨДРӨӨР, ӨДРИЙН ГАЗРЫГ ЦАГААР...

Улаанбаатарыг зорьсон их нүүдэл ерөнхийдөө багасчээ. Хөдөөгийнхөн орон нутагтаа амьдрах сонирхолтой болсон гэнэ. Шалтгаан нь нийслэлийг хөдөөтэй хатуу хучилттай замаар холбосноос ажил, амьдралаа шийдэхэд асуудалгүй болсон юм дагуу даа.  Хоногийн өдрөөр, өдрийн газрыг цагаар товчилдог болсны ач.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Засгийн газрын 2013 оны 46 дүгээр тогтоол, 2013 оны 71 дүгээр тогтоол, 2013 оны 81 дүгээр тогтоол, 2015 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ болон төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэн ажиллаж байгааг тус банкны ажилтан тодотгов. Уг тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийн гэрээг байгуулж, 2015 оны наймдугаар сарын 31-ний байдлаар  109.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Үүний хүчинд дөрвөн замуудын “бөглөрөө” арилж, гадаадын зочин ирэхэд цагдаа нар зам таг хаачихгүй л бол хэдэн цагаар үүсдэг түгжрэл ерөнхийдөө арилсан.

Төслийн хүрээнд  нийтдээ  33 уулзварын төсөл хэрэгжүүлж байгаагаас 20 уулзвар болон хоёр  авто замын барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Архангай аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын барилгын ажил  болон таван авто замын ажил хийгдэж байгааг саяхан тэнд ажиллаад ирсэн Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан байна лээ.  Архангайд очоод ирсэн хүн болгон л замыг сайхан, хүүхнийх нь хөөрхөн, хүлгийнх нь хурдныг магтаад байх юм билээ. Увсынхан ч ялгаагүй Улаангомын зам нь, хүүхэн нь ч сайхан болсон гэлцэх юм.   Увс аймгийн төвийн уулзварыг шинэчлэх 3.2 км авто замын ажил хийгдэж байгаа бөгөөд  гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг олгож байгаа гэнэ.  Бондын мөнгө уг нь  дэд бүтэц болоод байгааг дээгүүр нь явдаг МАН-ынхан “хардаггүй” ээ.  Өнгөрсөн намар МАН-ын залуус Архангайд чуулсан гэсэн. Бодвол бондын мөнгөөр “боссон” замаар явсан байлгүй дээ.

БОНДООР “БОССОН” НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМУУД

Нэг сая хүнтэй метрополист хот болсны хувьд Э.Бат-Үүлийн нэг мөрөөдөл метротой болох. Гэхдээ үүнээс өмнө Улаанбаатарт хурдын зам тавих ТЭЗҮ-г  бондын санхүүжилтээр хийгээд дуусан юм. Хэрэв улс төр орчихгүй бол Улаанбаатарт хоёр ч хурдын зам тавигдах бололтой.   Туул голын даланг дагуулан барих хурдны замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын тав дах санхүүжилтийг олгосон байна. Ингэснээр “Гудамж” төслийг хүрээнд нийслэлийн түгжрэл 30 хувиар буурсан бол хурдны зам тавихаар түгжрэл  бүр ч  “баяртай” болох биз.

Дунд хугацааны ёвро бондын санхүүжилтээр хэрэгжсэн төслүүд нь Засгийн газрын  2011 оны 105-р тогтоол, 2011 оны 336-р тогтоол болон 2012 оны 106 дугаар тогтоолуудын дагуу хэрэгжсэн гэдгийг албаны хүн онцлов. “Бондын мөнгө хаачив” гэсэн миний тавьсан асуултад өгсөн хариулт энэ.

Түүний өгсөн хариултыг дор жагсаавал,

  • Нийт нийслэлийн авто замын газрын захиалгаар 20 авто зам барилгын төсөл хэрэжснээс,  хэрэгжиж дуусаад Улсын комисс хүлээж авсан  нь19 юм байна. "Гудамж" төсөл хэрэгжих болсонтой холбогдуулан захиалагчийн шаардлагаар ажлыг зогсоосон нэг төсөл, захиалагчийн саначлагаар  цуцлагдсан нэг төсөл байгаа аж.

  • Нийт хэрэгжиж буй төслүүдийг дөрвөн багц болгон хувааж хяналт тавьсан байна.

  • Авто замын инженерийн зураг төслийн долоон багц 31 төслөөс 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжиж дууссан 29, гүйцэтгэл хулээгдэж буй хоёр төсөл байгаа гэнэ.

ЗАМ ДАГАВАЛ ХӨГЖИЛ, ЗАСАГ ТАРВАЛ ХЯМРАЛ

Хатгалынхны амьдрал гурван жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдөж, зарж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь  тоо ч олширчээ. Жуулчид Хатгалын загасанд их дурлах юм. Угаасаа Хатгалын загас гэж Монголдоо нэртэй брэнд л дээ. 

Зам харилцаа, дэд бүтэц хөгжихийн хэрээр нутгийн ардын амьдрал ч сайжирч байна.  Зам дагаж хөгжил гэж энэ.

Харин нөгөө талдаа монголчууд улстөржих тусам  Монголын бондуудын ханш дэлхийн зах зээлд унах болжээ.  Тэр хэрээр Монголын өрсөлдөх чадвар суларч, манайд орж ирэх долларын урсгал татарсаар. Энэ бол засаглалын хямралын тод илрэл. Тиймээс л засаг тарвал хямрал аа гэж. Эцэст нь хэлэхэд зам дагаж хөгжил ирдгийг, засаг тарвал хямрал болдгийг монголчууд харлаа, үзлээ, мэдэрлээ.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна