Инфляци нэг хувьд хүрнэ

2015 оны 12 сарын 27

Инфляцийн түвшин 2016 он дуустал үргэлжлэн буурч, 2017 оноос эргэн өснө гэж Монголбанк үзжээ. Өмнөх улирлын төсөөлөлтэй харьцуулахад инфляцийн төсөөлөл харьцангуй буурсан байна. Инфляци ийнхүү огцом буурсныг үндсэн дөрвөн шалтгаанаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт саарч эрэлт буурснаас үүдэж байгааг онцоллоо. Үүний дараа нийлүүлэлт нэмэгдсэнээс махны үнэ огцом буурсан нь гол шалтгааны нэг болж байна. Мөн төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор хэрэглээний импорт буурч, барааны үнийг бууруулах үндсэн шалтгаан болжээ. Харин инфляци буурсны дөрөв дэх гол шалтгаан нь бодлогын хүүг энэ оны нэгдүгээр сард нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн нь мөнгөний тэлэлтийг бууруулж инфляцид нөлөөлснийг Төв банк онцолсон байна.  Өөрөөр хэлбэл махны үнийн бууралтын жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2016 оны эхний хагас жил хүртэл үргэлжлэхээр байгааг инфляцийн төлөв байдлын тайланд тусгажээ. Мөн тайланд дурдсанаар 11 дүгээр сарын статистик мэдээллээр Монгол Улсын жилийн инфляци 2.9 хувьтай байгаа бол оны эцэс гэхэд нэг хувь орчимд хүрэх төлөвтэй байна. 2015 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн зорилтот түвшинг долоон хувьд барихаар тодорхойлсон юм. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар 2.9 хувь буюу зорилтот түвшнээс 4.1 нэгж хувиар бага байгаа ажээ. Хүнсний бус инфляци үргэлжлэн саарна гэж үзэж байгаагийн гол шалтгаан нь хөрөнгө оруулалт буурсан учраас ажилгүйдлийн түвшин алгуур өсч, цалингийн өсөлт нэмэгдэхгүй, улмаар бараа, бүтээгдэхүүний эрэлт буурч инфляцийг буулгана гэж үзсэн байна. Харин шатахууны үнэ ирэх онд харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа юм.

Д.ЦЭНГЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна