Франц сэтгүүлчийг Хятадаас “хөөжээ”

2015 оны 12 сарын 27

 

Шинжаан-Уйгурт өрнөж буй үйл явдалд Бээжингийн бодлогыг шүүмжлэн бичсэн франц сэтгүүлчийг Хятадаас “хөөжээ”. Хятадын албаныхан Францын “L'Obs” сонины сэтгүүлч Урсула Готьегийн хэвлэлийн мандатыг сунгаагүй тул визээ сунгуулах боломжгүй болсон байна. Тэрбээр визний хугацаа дуусах энэ арванхоёрдугаар сарын 31-ээс өмнө Хятадаас явах ёстой аж.

 

Урсула Готьегийн Шинжааны бослогын талаар бичсэн нийтлэл нь терроризмыг дэмжсэн агуулгатай хэмээн Бээжингийн албаныхан буруутгажээ. Урсула Готье Парисын халдлагын дараа Хятад Францтай эв нэгдлээ илэрхийлэх болсон нь Шинжаан дахь үйл ажиллагаагаа зөвтгөх далд санааг агуулсан байж магадгүй хэмээн бичсэн аж. Нийтлэлийнх нь мөрөөр Хятадын албаныхан сонины редакцид хандан уучлал гуйхыг шаардаж байжээ.

 

Өмнө нь 2012 онд аль-Жазеера телевизийн сурвалжлагчийг Мелисса Чаныг Хятадаас хөөж байсан юм.

 

Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар терроризмын эсрэг хуулийг батлахаар хэлэлцэж байна. Хятадын терроризмын эсрэг хуульд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан зүйл заалт багтсан талаар Синьхуа агентлаг мэдээлж байгаа юм. Тухайлбал, шинэ хуулийн дагуу халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэхийн тулд сурвалжлагч, сэтгүүлчид холбогдох албаныхнаас зөвшөөрөл авах ёстой аж.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна