Сэлэнгэ аймагт боловсролын зөвлөгөөн болов

2015 оны 12 сарын 27

Сэлэнгэ аймгийн боловсрол соёлын салбарынхан өнгөрч буй долоо хоногт хөрөнгө оруулалтын асуудлаар зөвлөлдлөө. Сүхбаатар хотод болсон дээрх арга хэмжээг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын санаачилгаар зохион байгуулсан юм. Зорилго нь аймгийн хэмжээнд боловсрол, соёлын салбарт тулгамдсан асуудлуудаа эрэмбэлж, ямар хөрөнгө оруулалтаар хэрхэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх, өнөөгийн хөрөнгө оруулалтын төвшин ямар байгаа талаар ярилцаж  санал бодлоо хуваалцсан юм.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон  аймгийн удирдлагууд, Сэлэнгэ аймгийн 17 сумын боловсрол соёлын салбарын нийт 140 орчим ажилтнууд оролцож санал бодлоо хуваалцлаа.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын зөвлөгөөний анхных нь Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Энэхүү зөвлөгөөнийг зохион  байгуулж буй нь зөвхөн Сэлэнгэ аймаг төдийгүй  Монгол Улсын хэмжээнд  бага, дунд боловсрол, соёлын салбарт тулгамдаж байгаа олон асуудал гарч ирэх болно гэдгийг  тус  аймгийн боловсрол, соёлын газрын дарга Д. Загдгочоо хэлж байсан юм.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийг ерөнхий бүтцээр нь харвал нэгдүгээрт дэд бүтэц, хоёрдугаарт боловсрол, гуравдугаарт эдийн засаг, үйлдвэрлэлийн асуудлыг чухалчлан тавьж, голлон анхаарч ажиллах ёстой болохыг хэлж байлаа. Түүнчлэн салбартаа хийх зайлшгүй шаардлагатай ажлуудаа нэгтгэснээр эрэмбэ дараатайгаар асуудлаа шийдвэрлэх боломжтой гэж харж байгаагаа мөн онцолж байсан юм.

Сүүлийн таван жилийн хугацаан дахь боловсрол, соёлын салбарын хөрөнгө оруулалтын талаар цогцоор нь ярилаа. Улсын төсвийн санхүүжилт 2010-2015 онд 2.3 дахин өссөн байна. 2010 онд аймгийн Боловсрол, соёлын газар 14.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан бол 2015 онд 33 тэрбум болж өссөн байх жишээтэй. Өсөлтийн гол чиглэл нь цалин нэмэгдсэн, шинээр барилга байгууламж барьсан нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхий боловсролын сургуульд 8 орчим тэрбум төгрөгийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг татсан. Харин цэцэрлэгийн хувьд 5 тэрбум, соёлын байгууллагад мөн 5 тэрбум төгрөгийн барилга байгууламж барьсан байна. Сургалтын техник хэрэгслийг сайжруулах зорилгоор сургуулиудад 2 тэрбум, цэцэрлэгүүдэд 1 тэрбум, соёлын байгууллагад мөн 1 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийжээ. Ойрын таван жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн тоо өсөлттэй гарч байгаа. Өнгөрсөн жил гэхэд 17500 хүүхэдтэй байсан бол, энэ жил 18500 хүүхэд сургуульд хамрагджээ. Зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд хийсэн судалгаагаар хүн ам олноор суурьшсан газар сургууль, цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Сэлэнгэ аймгийн хувьд сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамрагдалт улсын хэмжээнд дээгүүрт бичигддэг байна.  Зөвлөгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын асуудлыг ярихад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах асуудлыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ  сургуульд олноор хамруулах нь чухал байна гэлээ.  

Ингээд салбар хуралдаанаас гаргасан сургууль, цэцэрлэг, соёлын салбар дахь тулгамдаж буй асуудлуудын талаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нараас тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ЕБС-ын захирал С.Ичинхорлоо: Бүх сургууль хамтраад асуудлаа тавьж буй нь оновчтой хувилбар юм

-Бүх Ерөнхий боловсролын сургуулиудын захирал бүс бүсээрээ хуваагдаж, тулгамдаж байгаа асуудлаа ярилцсан. Үүний дараа аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлаа ярилцлаа. Бидний саналаар манай нийт сургуулиудын хэмжээнд хичээлийн болон дотуур байрны өргөтгөл, засварын ажил нэн тэргүүний тулгамдсан асуудал байна. Дараагийн асуудал бол хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж байна. Эдгээр бол хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэх тулгамдсан асуудлууд юм. Харин дараагийн том асуудал бол санхүүжилт. Энэ жилийн хувьд 20-30 хувийн дутуу санхүүжилт орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор бүх сургуулиудад санхүүжилт дутуугаас болж өр үүсэж эхэлсэн. Энэ өрийг ондоо багтааж шийдэхгүй бол болохгүй. Санхүүжилт дутуугаас болж цалин, нэмэгдлийг ч өгөхөд хүндрэлтэй болсон.

Өмнө нь сургуулиуд өөрсдөө хөөцөлддөг байсан. Харин одоо бүх сургуулиуд асуудлаа гаргаж тавин аймгийн хэмжээнд бодлого боловсруулаад гаргаж буй нь бодлогын түвшинд нэгдмэл зохион байгуулалт орсон оновчтой хэлбэр гэж бодож байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа: 1995 онд батлагдсан цэцэрлэгийн багш, ажиллагсдын стандартыг шинэчлэх шаардлагатай

-Сэлэнгэ аймагт боловсрол, соёлын салбарынхан асуудлаа ярилцаж, гарах гарц, хөрөнгө оруулалтаа яах ёстой талаар ярилцсан чухал зөвлөгөөн боллоо. Цэцэрлэгийн эрхлэгч нар ярилцаад юун түрүүнд цэцэрлэгүүдэд тулгамдаж байгаа асуудал бол шинээр цэцэрлэг барих шаардлагатай байна гэдэг дээр санал нэгдлээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 75 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгт гэхэд 230 хүүхэдтэй байх жишээтэй. Энэ мэтчилэн цэцэрлэгийн барилгыг нэмж барих зайлшгүй шаардлага байна. Мөн хүүхдийн хоолны зардлыг 1650 төгрөгөөс нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Эцэг эхчүүдийн зүгээс ч үүнийг тавьдаг.

Багш ажиллагсад 1995 онд батлагдсан стандартаар явж байгаа. Өнөөгийн цаг үеийн шаардлагад дээрх стандарт нийцэхгүй байгаад байна. Тиймээс үүнд өөрчлөлт хийх цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, дотоод хяналт шалгалтыг хариуцсан орон тоог шинээр бий болгох хэрэгтэй. Ингэх шаардлага ч амьдралаас урган гарч байна.

Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газрын Соёлын мэргэжилтэн Г.Эрдэнэчимэг: Нийт 25 соёлын байгууллагын 76 хувь нь их засвар, өргөтгөлөө хийж чадсан

-Соёлын салбарын 25 байгууллага бий. 19 соёлын төв, 2 номын сан, 2 чуулга, 1 музей байдаг. Улсын төсвөөс 5 жилийн хугацаанд 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар 372 сая төгрөгийг, сум хөгжүүлэх сангийн төсвөөр ч санхүүжилт хийгдэж байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 4 соёлын төв тохижуулах 50 сая төгрөг Сум хөгжүүлэх сангаас гарсан. Нийт 25 соёлын байгууллагын 76 хувь нь их засвар, өргөтгөлөө хийж чадсан. Одоогоор 2 соёлын төв барих, 4 байгууллагын засварын ажил тулгамдаж байна.

Соёл урлагийн байгууллагуудын техник хэрэгсэл дутагдалтай байдаг. Гэхдээ 4,5 соёлын төвийн техник хэрэгсэл л дутагдалтай байгаа юм. Мөн ийм тооны соёлын төвийн ширээ сандалыг шинэчлэх шаардлагатай байна. Музей байгуулсантай холбогдуулан бүтээл үзмэрийг бүртгэлжүүлэх, хамгаалалтыг сайжруулах тоног төхөөрөмж дутагдаж байгаа юм. Тулгамдаж буй асуудал ийм байна. Хэдийгээр аймгийн төсвөөс 9 хувийг соёлын салбарт зарцуулж байгаа мэт багаар харагдаж байгаа ч, бодит байдал дээр салбарт хийгдэж байгаа ажил их бий. Цөөн тооны тулгамдсан асуудал л бий. Түүнээс биш соёлын салбарт анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийдэг.

Мандал II сургуулийн захирал П.Сэлэнгэ: Аж үйлдвэрийн сайд манай сумын сургуулиудад ухаалаг самбарыг бий болгосон нь том дэмжлэг юм

-Сэлэнгэ аймагт энэ зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна. Аж үйлдвэрийн сайдын санаачилгаар уг ажлыг зохион байгуулж буйд талархаж байгаа юм. Мөн сайдын дэмжлэгээр Баянгол суманд инженерийн ангийг нээчихсэн байгаа. Дархан, Сэлэнгэ аймгийн хувьд үйлдвэрлэл нэлээд хөгжчихсөн. Энэ утгаараа инженерийн ангийг бий болгож, эхлэлийг нь тавьж байгаа нь маш чухал. Үүнд ч хүүхдүүд сонирхолтой байгаа. Д.Эрдэнэбат сайд хөрөнгө оруулалтыг оновчтой байлгах үүднээс Мандал сумын 6 сургуульд ухаалаг самбарыг байрлуулсан. Мэргэжлийн 17, 18 хичээлийг энэ ухаалаг самбарт зааж болдгоороо онцлог.Одоогоор Баянгол суманд инженерийн нэг ангийг нээсэн. Аж үйлдвэрийн сайдын хувьд бүх сумдад инженерийн ангийг бий болгох саналтай байгаагаа хэлж байсан. Бүх сумд ийм ангитай болчихвол хүүхдүүд сонирхон суралцана гэдэгт итгэлтэй байгаа. Хүүхдүүдийн боловсролд анхаарсан том дэмжлэг болох юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна