Автомашины дугаарыг зөвхөн Авто худалдааны цогцолборт олгоно

2015 оны 12 сарын 27

Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа маргаашнаас  Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах болсон байна.  Тодруулбал Зам тээврийн сайд болон нийслэлийн Засаг дарга  2012 онд гэрээ байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.Улмаар Авто тээрийн үндэсний төв болон Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ сарын 28-наас тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйлчилгээ  Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах юм Энэ ажиллагаа нь УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослын бууруулах, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил аж.  Мөн импортоор орж ирсэн авто машинуудыг ч зөвхөн Авто худалдааны цогцолборт бүртгэх юм. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг бүртгэдэг долоон салбар байдаг. Зам тээврийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу Авто тээрийн үндэсний төв таван салбараа худалдааны цогцолбор руу шилжүүлж байгаа аж. Ингэснээр, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ үе шаттайгаар Авто худалдааны цогцолборт төвлөрөх юм. Таван салбарыг шилжүүлснээр, эхний үе шат дуусна. “Цирк”, “Хөсөг Трейд” гэсэн хоёр салбарт авто машин эзэмшигчийн нэр солих бүртгэлийг хийнэ. Улсын дугаар олгох, шинээр бүртгэх болон оношилгоог Авто худалдааны цогцолборт хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэнэ. Импортын  авто машины бүртгэлийг Авто худалдааны цогцолборт хийснээр Улаанбаатар хотод улсын дугааргүй  тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, осол гаргах нь буурна гэж албаныхан тооцжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Машины шилжилт хөдөлгөөн байнга хийдэг. Өдөртөө  200-300 авто машин улсын дугаар авдаг байна.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна