Хөлбөмбөг тойрсон дуулиан

2015 оны 12 сарын 28

Йозеф Блаттер, Мишель Платини, Жером Вальке

Фото: Ruben Sprich / Reuters

Хөлбөмбөг хамгийн том тушаалын гурван даргаасаа салсан нэгэн оныг үдэж байна. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Йозеф Блаттер, тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке, Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) тэргүүн Мишель Платини гурав албан тушаалаа өгснөөр барахгүй хөлбөмбөгөөс тодорхой хугацаагаар холдоход хүрлээ. Эхний хоёр нь дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том дарга нар, гурав дахь хамгийн чухал Европын холбоог толгойлдог билээ. Ийм их дуулианд орооцолдсон спортын төрөл хөнгөн атлетикийн сэргээшийн дуулианыг тооцохгүй бол өөр байхгүй дээ!

Хөлбөмбөгийн дуулианы гол үүрэг гүйцэтгэгч нар нь мэдээж, Блаттер, Платини хоёр. Оны сүүл рүү тэд байнга хамт, хамсаатан мэтээр яригдах болсон. Хэргийн материалаас харахад нэг нь хоёр сая Швейцари франкийг өгч, нөгөө нь авсан гэж байгаа. Сүүлдээ тэр нь авлига биш болж таарсан ч сөрөг үр дагавараа үлдээсэн юм. FIFA-гийн Ёс зүйн хороо тэднийг найман жилээр хөлбөмбөгөөс холдуулжээ. Лозанна хотын олон улсын арбитрийн шүүх үүнийг зөвлөөгүй ч FIFA мийм шийдвэр гаргасан юм.

Байдал нэг л хачирхалтай. Блаттер тус байгууллагыг толгойлсон 1998 оноос хойш FIFA-гийн мөнгөний эргэлт хэдэн зуун удаа өсч, одоо жилдээ таван тэрбум ам.долларт хүрчээ. Түүний зөвхөн нөөцийн санд нь 1,5 тэрбум доллар байна. Арилжаа талаасаа гайхалтай байгууллага гэж ярих нь юу л бол. Гэхдээ спорт талаасаа хөлбөмбөг улам сонирхолтой болсон.

Мишель Платини дэлхийн хөлбөмбөгийн од, гурван удаагийн “Алтан бөмбөгийн” эзэн, шилдэг хөлбөмбөгчин байсан. Тоглолтоо өндөрлөөд Францын шигшээгийн дасгалжуулагч болсны сацуу 1998 оны ДАШТ-нийг зохион байгуулах хороог удирдаж байв. ДАШТ-нийг амжилттай явуулсны дараа тэр дэлхийн хөлбөгт өөрийгөө зориулахаар шийдэн Блаттерт өөрийнхөө саналыг дуулгажээ.

Йозеф Блаттерийг хэн ч шууд “илчилж, барьж” чадаагүй.

Фото: imago sportfotodienst / Global Look

Блаттер түүний саналыг хүлээн авахгүй байж чадах байсан гэж үү? Платини шиг хүн замд хөглөрөөд байдаггүй юм. Түүний зөвлөмж нь мэдээж үнэтэй байлгүй яахав. Платини албан ёсоор гэрээ байгуулаагүй, учир нь тэрээр UEFA-гийн сонгуулийг сонирхож байжээ. Швейцарийн хуулиар зөвшөөрдөг учир тэд гар бариад л гэрээ хийлгүй тохиролцсон байна.

Дэлхийн хөлбөмбөгийн дуулиан нь Орос, Катар хоёрт 2018, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг өгсөн 2010 оноос үүдэлтэй. Энд нууцлах зүйлгүй. Катарт өгсөн шийдвэр л гал дээр тос асгасан юм.

FIFA тэмцээн явуулах эрхийг бүс нутгуудыг дараалах зарчмаар өгч байсан юм. Тиймээс Зүүн Европын орнуудын өргөдөл дээгүүр тавигдах нь олгомжтой байсан учир Оросыг сонгосонд гайхах зүйлгүй. Тэр бүсээс өөр санал ховор байсан учир Орос л боломжтой байв. Англи, Испани-Португали, Голланд-Бельги өрсөлдсөн. Гэхдээ тэдний нутаг нь Зүүн Европоос хол болохоор логикоороо Оросын сонголт таарч байсан ч одоо тэр нь мартагдсан.

Харин Катарын сонголт үнэндээ дуулиантай. ДАШТ-ий эрхийг эхлээд АНУ-д өгнө гэж байтал Ойрхи Дорнодын нөхөд түүнд оролцож, FIFA өөрийн бий болгосон авлигын гэхээр системдээ барьцаалагдсан юм. Хаана тэмцээн явуулахыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шийддэг. Дөнгөж 24 хүнтэй зөвлөлд санал бүр нь алт юм. Шинжээчдийн комисс энд чухал үүрэгтэй. Тэд өргөдлийг авч хэлэлцэн газар дээр нь судлан үзээд саналаа Гүйцэтгэх хороонд өгнө. Тэд өргөдөл гаргасан орнуудын зардлаар хөдөлдөг юм. Ингээд харахаар авлига авах талбар маш өргөн. Үнэтэй бэлэг сэлт авна. Үнэтэй буудлуудад бууна. Тансаг зоогт уригдана. Компаниудтай ашигтай гэрээ байгуулна. Ямар сайндаа л FIFA-гийн Ёс зүйн хорооноос Карибийн хэдэн төлөөлөгчдийн өдрийн зоогт 35 мянган фунт төлсөн гэж Бнглийн хөлбөмбөгийн холбоог буруутгаж байхав дээ. Энэ бол бага хэрэг. Харин Катарын шейхууд ялахын тулд сая саяар төлөхөд бэлэн гэдгээ нуугаагүй.

Арабын шейхууд хүссэн бүхнээ худалдан авахад бэлэн гэдгийг FIFA-гийн сонголт харууллаа.

Фото: imago sportfotodienst / Global Look

Тэр халуун нутагт ДАШТ явуулна гэж сонгосон нь FIFA-д худалдагдах нь гаж биш зүйл гэдгийг харуулж өгөв. Дараа нь цэнгэлдэхүүдийг агааржуулагчтай болгоно, хөгжөөн дэмжигч бүрийн өрөөг нь агааржуулагчтай болгоно гэсэн үлгэр ярьж байгаа юм. Тоглолтын үеэр шариатын хуулиа түр түтгэлзүүлж, архи дарстай болгох юм гэнэ.

Үнэндээ толгой сэгсрээд л өнгөрөхөөс аргагүй шийдвэрүүд. Бодвол тус улсын одоогийн удирдлагууд 2022 оноос өмнө тэтгэвэрт гарна гэж бодсон байлгүй. FIFA-ийн энэ шийдвэр нь тус байгууллагад авлига газар авсныг харуулж дэлхийг бужигнуулсан юм. Ард нь хоцорсон АНУ бүхнээс илүүтэйгээр дургүйцэж Хууль зүйн яамараа хэрэг нээлгэн Холбооны мөрдөх товчоо нь ажилд орлоо. Хэдэн жил баримт цуглуулж бүрдүүлээд баривчилгаа мөрдлөгөө эхлүүлсэн юм.

Тиймээс ч хөлбөмбөгийн өндөр тушаалтан олон хүн авлигын хэргээр баривчлагдаж, ял сонсоод байна. Байдал ингэж өрнөж байхад Блаттерт ял дуулгаагүй л байна. Зөвлөхдөө өгсөн хоёр саяас өөр зүйл яригдаагүй. Харин түүнийг хөлбөмбөгөөс найман жилээр холдуулсан нь наян настай Блаттерт тохирсон ял болж байгаа бололтой. Тэрээр нэр нүүрээ хадгалан үлдэнэ. Бас тэтгэвэртэй. Харин Платинийн хувьд гомдолтой байх нь мэдээж.

Платини тус байгууллагын авлигын талаар урьд нь цухалзуулж байсан юм. Түүний толгойлсон UEFA-д энэ талаар асуудал байхгүй. Тиймээс ч удирдсан байгууллага нь түүнийг өмөөрч байгаа. Гэвч FIFA-гийн Ёс зүйн хороо түүнийг хөлбөмбөгөөс холдуулах шийдвэр гаргасан юм.

Роман Абрамович

Фото: imago sportfotodienst / Global Look

Хөлбөмбөгтэй холбоотой бас нэг хүн нэлээдгүй асуудалтайгаар 2015 оныг үдэж байгаа нь “Челси” багийн эзэн Роман Абрамович. Тэрбээр клубтээ асар их мөнгө хаяад ч тусыг эс үзэв. Премьер лигийн бусад багууд төсөвтөө хэмнэлт гаргахаар хичээж байгаа бол “Челси” мөнгийг хамаагүй зарлаа. Гэтэл “оддынхоо хөлсийг хиймлээр ихэсгэсэн” Челси клуб лигийн тоглолтод сүүл барьж явна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна