“News” агентлаг оны шилдгүүдээ тодрууллаа

2015 оны 12 сарын 28

Амжилт бүтээл ундарч, алдаа оноог дэнсэлсэн нэгэн оныг үдэж, дардас буугаагүй хуудас цаас шиг цоо шинэхэн оныг угтах мөчид мэдээ мэдээллийн “News” агентлаг 2015 оны шилдэг ажилтнуудаа шалгаруулан шагнаж урамшууллаа.

Шилдэг нийтлэлчид

“NEWS“ агентлагийн 2015 оны Шилдэг нийтлэлийн тэргүүн шагнал-ыг “Ардчилалд маань update хэрэгтэй”, “Ажлын хэсгийн англи хэл”, “Нэг эзэнтэй хоёр кэйс”, “Өхөөрдөм жагсаалт”, “Ялалтын баярын ар дахь улс төр”, “Яагаад заавал М.Батчимэг гэж?” зэрэг сэтгүүл зүйн өндөр түвшинд бэлтгэж, уншигчийн таашаалд нийцсэн нийтлэлүүдээрээ “News” агентлагийн дэд захирал Дангаасүрэнгийн Нарантуяа хүртлээ. Д.Нарантуяа нь 1989 онд Моксвагийн Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш өдгөөг хүртэл сэгүүлзүйн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж байгаа юм. Тэрбээр “Монголын спорт”, “Өнөөдөр”, “Хөдөлмөр” сонин, МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан. 2004 оноос Ардын эрх сонин, News агентлагт ажиллаж байна.

Шилдэг нийтлэлийн дэд шагнал-ын эзнээр тус агентлагийн тоймч Жадамбын Нямсүрэн тодорлоо. Тэрбээр “News ”-ийн нэрийн хуудас болсон нийтлэлч бөгөөд 2015 онд “Төсвийн хулгай”, “Цэнхэрүүд задарч, улаанууд нэгдэх үү”, “Шонхордуулсан улс төр” нийтлэл, Монгол Улсын сайд М.Энхсайхантай хийсэн “Бид илүү их өвдөлт мэдэрнэ”, УИХ-ын гишүүн Н.Батбаяртай хийсэн “Үндсэн хуулийг одоо өөрчлөхгүй бол ахиад найман жилийг алдана” ярилцлага зэрэг олон арван шилдэг бүтээл туурвисан юм. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Ж.Нямсүрэн 2007 оноос “Ардын эрх” “Ньюс.мн” сайтад сэтгүүлч, тоймч, Улс төр, эдийн засгийн албаны даргаар ажиллаж байна.

Шилдэг нийтлэлийн тусгай шагналтан-аар тоймч Ганчулууны Нэргүй, Лхагваагийн Нарантөгс, Чулуундоржийн Болорчулуун нар шалгарсан юм.

Г.Нэргүй 2015 онд сэтгүүл зүйн өндөр түвшинд бэлтгэсэн “Хөршүүдэд тавьсан санал”, “Намуудын зодоон”, “Улсаа нураах УИХ-ын бонус” нийтлэл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй хийсэн “40 гишүүн жинхэнэ улстөрч” ярилцлагыг туурвисан байна. Тэрбээр 2003 онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. 2005 оноос “Ардын эрх” сонин, “Ньюс” агентлагт сурвалжлагчаар ажиллаж байна.

Л.Нарантөгс нь 2015 оны турш үр бүтээлтэй ажиллаж, Япон улсаас хийсэн “Хөгжлийн сүүдэрт” аян замын тэмдэглэл, “Суганы тавилан”, “Шонхорын хараа хийгээд Ардчилсан нам”, “Х Богд Хятадаас тодрох уу”, “Нууц гэгдэх ТЭЗҮ” нийтлэлүүдээрээ шилдэг нийтлэлийн тусгай байрын шагналтан боллоо. Л.Нарантөгс нь Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийг 2004 онд Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Улаанбаатар радиод ажиллаж байсан. 2007 оноос “Ардын эрх” сонин, news.mn сайтад тоймч, ахлах редактороор ажиллаж байна.

Ч.Болорчулуун тус агентлагт спортын салбарыг хариуцан ажилладаг бөгөөд Спортын цуврал сурвалжлага, БНХАУ-аас хийсэн цуврал сурвалжлага, Шатрын их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуултай хийсэн “Медаль бүхэн минь үнэ цэнэтэй ирсэн” ярилцлага, Японы эрдэмтэд К.Мацуда, Т.Мураок нартай хийсэн “Хархориноос илүүтэй Чингай балгасаас татсан нь амар байсан” ярилцлагуудаараа тусгай байрын шагналыг хүртжээ. Тэрбээр ШУТИС-КТМС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. 2011 оноос хойш News агентлагт ажиллаж байна.

Дебют шагнал

Өнгөрч буй 2015 онд манай хамт олны эгнээнд багтаж, өөрийн хичээл зүтгэл, мэдлэг чадвараараа бусдадаа үлгэр жишээ болон шалгарсан залуу уран бүтээлч бол Дониддэмбэрэлийн Уламбаяр юм. Д.Уламбаяр нь Улаанбаатар хотын НИТХ-ын дарга Д.Баттулгатай хийсэн “Бид нийслэлийг стандарттай болгосон” ярилцлага, “Чойжин ламын сүм музейн “Зуу” сүмийг засварлана”, “С.Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашигласан уу”, “Дүү нь суллагдчихлаа, эгч ээ” сурвалжлагуудыг сэтгүүл зүйн өндөр түвшинд бэлтгэн нийтлүүлснийг үнэлж, “NEWS“ агентлагийн 2015 оны “Дебют” шагналын эзнээр тодруулсан байна. Тэрбээр 2012 онд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийг төгссөн. 2012-2015 онд “Ийгл” телевизийн Шуурхай мэдээний албанд, 2015 оноос “News” агентлагт сурвалжлагчаар ажиллаж байна.

Хөдөлмөрийн аваргууд

“NEWS” агентлагийн 2015 оны шилдэг ажилтанд олгодог “Ажилчин зөгий” шагналын эзнээр агентлагийн инженер техникийн ажилтан Э.Чулуун, оператор Э.Урантөгс нар тодорсон байна. Тэдний үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол цаг наргүй, үнэн сэтгэлээр ажилладаг хөдөлмөрч зан чанарыг үнэлэн “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөн, үнэ бүхий зүйлээр урамшуулсан юм.

Э.Чулуун 2010 онд ШУТИСургуулийг төгссөн. 2014 оноос МУИСургуульд суралцаж байгаа. 2011 оноос News агентлагт ажиллаж байна.

Э.Урантөгс 2009 онд Улаанбаатар Дээд сургуулийг програмист мэргэжлээр төгссөн, 2012 оноос эхлэн News агентлагт ажиллаж буй ажилтан юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна