Объектын түймэр буурахгүй байна

2015 оны 12 сарын 28

Нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт ч объектийн гал түймрийн тоо буурахгүй байна. Тиймээс гал түймрийн тоо, хохирлыг бууруулах чиглэлээр НОБГ-аас нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны гэр хороололд нэгдсэн арга хэмжээний нээлтийг хийх гэж байгаа ажээ. Сурагчдын хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийн анхаарал сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор олон нийтэд мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх юм байна.

Өчигдөр л гэхэд нийслэлд гал түймрийн дөрөв, зөрчлийн долоо, орон нутагт гал түймрийн дөрвөн дуудлагатай байжээ. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Эмээлтийн 9-ийн А тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч ажилласан байна. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Залуус хотхоны хоёр тоотод иргэн Э-ийн өрөөний тааз, хана шатсан бол Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд иргэн У-ын байшин галд автжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын 7 дугаар гудамжинд иргэн О-ын байшин шатсан байна.

Хөдөө орон нутагт Дорноговь аймгийн Сайншанд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Завхан аймгийн Улиастай суманд объектийн түймэр гарч иргэдийн эд хөрөнгө шатсан байна. Харин азаар хүн бэртэж гэмтээгүй гэнэ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна