Хөлбөмбөгийн холбоо "Бөртэ чоно" гардлаа

2015 оны 12 сарын 28

Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ-Чоно-2015” ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Монголын спортын шилдгүүдийг тодруулдаг энэхүү ёслол хүндэтгэлийн шилдэг холбоогоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо тодорч “Бөртэ-Чоно” шагналын эзэн боллоо.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо улиран одож буй 2015 онд олон улсын чанартай гурван ч том тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч амжилттай зохион байгуулсанаас гадна дотоодын лигийн тэмцээн, гадаа талбайн нас насны ангилалд УАШТ-ийг зохион байгуулж, мөн анх удаа охид эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг зохион явуулсан билээ. Хамгийн том жишээг дурьдвал хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанитай 500 сая төгрөгийн 4 жил хамтран ажиллах гэрээг байгуулж “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шагналын санг 100 саяд хүргэсэн. Гадны өндөр хөгжилтэй орнуудын ижил клүбийн системийг шинэчлэн доод дивизоныг бий болгосоноор өрсөлдөөнийг улам чанаржуулсан.

Мөн хэдхэн хоногийн өмнө “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулж хөлбөмбөгийн шилдгийн шилдгүүдээ тодруулсаныг та бүхэн сайн санаж буй биз. “Бөртэ-Чоно” шагналыг гардан авсан нь бид бүхэнд хийж бүтээхийн их урмыг хайрлаж, ирж буй он цаг дор зөвхөн урагш тэмүүлсэн, хөгжлийг хамтдаа бүтээх их үйлсэд дэм болсон шагнал байлаа. Энэ бол хөгжөөн дэмжигчид, багш дасгалжуулагчид, клүбүүд тамирчид, ивээн тэтгэгч спонсор байгууллага гээд хөлбөмбөгт зүрх сэтгэлтэй хүн бүрийн шагнал байлаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулсан "Хүрхрээ" үндэсний дээд лиг болон Холбооны цом тэмцээнд түрүүлж давхар амжилтыг гаргаад байсан "Эрчим" клүб мөн шилдгийн шилдэг багаар тодорч "Бөртэ-Чоно" шагналыг гардан авлаа.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна