Намууд нэр дэвшигчдээ цензурдэж чадах уу?

2015 оны 12 сарын 28

Жагсаал цуглаан, улс төрийн суултдаа тулснаар шинэ он гарахаас урьтаж УИХ Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. УИХ 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн хуулийг шинэчлэн батлав.

Баталсан хуулиар УИХ-ын сонгуулийг одоогийн холимог тогтолцоо буюу 48:28 хувилбараар зохион байгуулахаар болж байна. Энэ нь 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоно гэсэн үг юм. Хууль тогтоогчид пропорцианаль 28-ыг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг хичээсэн ч чадсангүй. Тодруулбал, хүн нь намтайгаа хамт нэр дэвших хувилбар яригдаж байсан ч саналын хуудаст нэрсийг нь жагсаахад 7 метр урт хэмжээтэй болж, автомат машинаар унших боломжгүй учраас хуучин хувилбараа сонгосон хэрэг. Мөн 28-ыг бүсчилж, жижиг намуудыг шахах бодлого техникийн боломжгүйгээс шалтгаалж, буцлаа. Ингэснээр пропорцианаль 28-д намын нэр бичигдэхээр болж хуучнаараа үлдлээ. Өөрөөр хэлбэл, намууд 28-д бичигдэх хүмүүстээ өндөр шалгуур тавьж эрэмбэлэхгүй бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд парламентад өрнөсөн “Оймсонд хавчуулагдаж орж ирсэн, ирээгүй” гэдэг хэрүүл үргэлжлэх болж буй юм.

Хуульд тусгаснаар УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль нэг өдөр зохион байгуулагдана. Сонгуулийн хугацаа нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн 15 хоногийн ажлын аль нэг өдөр байх бол орон нутгийн сонгууль нь аравдугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр байхаар тусгагдлаа.

Эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь байхаар заасан нь 2012 оны УИХ-ын сонгуульд барьсан зарчим хэвээр үлдсэн гэсэн үг юм.

Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ нэр дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгажээ. Өмнөх хуулиар сонгуулийн хороодын бүрэлдэхүүн нь зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас бүрдэж байсан юм.

Мөн бүлэгт сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгажээ.

Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн саналаа өгөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг тусгасан байна.

“Санал авах, сонгуулийн дүн гаргах, УИХ-ын гишүүнийг бүртгэх” гэх есдүгээр бүлэгт санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулахаар заалаа. Ингэхдээ техникийн тооллого нэрээр 50 хүртэл хувьд гар тооллого хийхээр тусгасан юм. Саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгслэл ашиглан дэлгэцээр шууд харуулах. Хэвлэл, мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тус тус тусгажээ.

Сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, гомдол, маргаан шийдвэрлэх харьяалал, журам” гэсэн арваннэгдүгээр бүлэгт захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгчийн шийтгэвэрт давж заалдах шатны журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх, тойргийн хорооны хууль зөрчсөн шийдвэрийн талаарх гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр зааж өгсөн байна.

Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэн орох эрхгүйгээр халах хариуцлагыг энэхүү хуульд мөн тусгаж өгсөн юм байна. Улс төрийн намуудыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар саналын хуудаст бичнэ.

Сонгуулийн сурталчилгааны хоног 21 байсныг 18 хоног болгожээ. Шинээр нэр дэвшсэн хүмүүст энэхүү хоног халгаатай. Дээр нь тойрогт нэр дэвшигчдийн хувьд холын сумандаа хүрч ажиллаж чадах уу гэдэг асуудал тавигдаж байгаа ч зам харилцаа хөгжсөн үед боломжтой гэдэг байр суурийг хууль тогтоогчид хэлж буй юм.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Д.Арвин гишүүн Ардчилсан намд элсэж, МАН-аас гарсан. Улс төрийн хүрээнд энэхүү шилжилтийг “Урвалт” хэмээн томъёолох болсон. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс санал болгосон хуулийн төсөлд урвагчдад хариуцлага тооцох заалт тусгаад байсан ч Сонгуулийн хуулиар зохицуулах боломжгүй хэмээн үзэж, энэ тухай зохицуулсангүй. Гэхдээ УИХ-ын холбогдох хуулиар зохицуулахаар болж үлдээлээ. Ийн хойш тавьсан нь тангаргаа өргөж, УИХ-ын гишүүн болчихсон түшээг Сонгуулийн хуулиар зохицуулах нь Үндсэн хуулийн зөрчил рүү хөтөлж болзошгүй хэмээн болгоомжилсонтой холбоотой юм.

Хэвлэл мэдээллийн амыг барьж мэдэх ноцтой заалт туссан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, хуурамч мэдээлэл тараах, гүтгэвэл шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага, зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх тухай заалт юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна