512.2 тэрбумын гэрээ байгууллаа

2015 оны 12 сарын 28

Монгол Улсын Засгийн газар болон “Монполимет”, “Монцемент Билдинг Материалс” компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр “Монполимет” компанийн 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон чулуунцар үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг цаашид “Монцемент Билдинг Материалс” компани хэрэгжүүлэхээр болж байна. Цаашид ийм цементийн үйлдвэртэй болсноор улсын төсөвт хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг, жилд 21.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 375 монгол хүн ажлын байртай болох юм. Мөн Дорноговь аймгийн Өргөн суманд хүүхдийн цэцэрлэг, 220 айлын орон сууцны хотхон, худалдааны төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барина. Харин бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгчээ.

Энэ гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй гуравдах гэрээ болжээ. Өөрөөр хэлбэл төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжсэн нэг чухал хэлбэр гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тайлбарлалаа. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар үндэсний хөрөнгө оруулагчид нийт 4.6 их наяд төгрөгийн төсөлд хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнээс 1.9 их наяд төгрөг нь бодитой, хөрөнгө оруулалт болж, хэрэгжиж байгаа юм.

“Монцемент үйлдвэр” дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тонн чулуунцар /клинкер/, нэг сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх юм. Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үлдэгдэл 48.8 тэрбум төгрөгийг Хөрөнгө оруулагч, Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна