Сонгуулийн марафон эхлэв үү?

2015 оны 12 сарын 28

Он гарахаас урьтаж, яам, агентлагийн дарга нар албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөөд байна. Сонгуулийн хуулиа батлаад гурав хоноогүй байхад албан тушаалтнууд сайн дураараа сандал суудлаасаа татгалзах болсноос харахад намууд дотроо аль хэдийн тохиролцоогоо хийж, хэн хаанаас нэр дэвших мандатаа хэдийнээ халаасалчихсан бололтой.

Түүнээс шалтгаан байсаар байхад сандал суудлаасаа сайн дураараа “хагацах” нь битгий хэл амттай, ашигтай албанаасаа салахгүй гэж тамга тэмдгээ аваад зугатчихдаг нөхдүүд манай төрд олон шүү дээ

Өнгөрсөн пүрэв гаригт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг чөлөөлөх асуудлыг УИХ хоёронтаа хэлэлцэж, хоёронтаа шийдвэр гаргав. Гишүүд хэлэлцэж байгаа асуудлаа ойлгоогүй юу, эсвэл Б.Жавхланг явуулмааргүй санагдсан уу, бүр хууль батлах хуралдаанаа шоглоом болгохоор шийдсэн үү, ямар ч байсан түүнийг албанаас нь чөлөөлөхгүй гэж шийдсэн мөртлөө төд удалгүй чөлөөлөх нь зөвөө гээд зогсч байх жишээний. Ямар ч сайхан зав чөлөөтэй, яасан ч маазарч ханадагүй УИХ вэ гэмээр. Ядаж л УИХ дарга нь хүртэл намынхаа даргыг над руу явуулаарай гэх шиг. З.Энхболд дарга хурал даргалах үүрэгтэй хүн болохоос, Монголын төрд хэнийг авах, явуулахыг шийддэг ганц эрх мэдэлтэн нь биш баймаар.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааныг харахад баяр наадмын уур амьсгал дундуур “чоно борооноор” гэдэг нөгөө л шилдэг аргаа хэрэглэж, Сонгуулийн хуулийг баталж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгав. Эрх мэдэлтнүүдийн эрх ашигт нийцсэн хууль ийм л сайхан “ногоон гэрлээр” парламентын босгыг давдаг болоод удаж байгаа л даа.

Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Засгийн газар ээлжит бусаар хуралдан хүсэлтийг нь ёсоор болгосон юм. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн А.Ариунболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдний дунд ирэх сонгуульд уралдахаар өөрийгөө сойж байгаа хэд хэдэн хүн байгаа бол агентлаг нь татан буугдсанаас ажлаа өгч байгаа нөгөө нь байна.

Улс төрийн хүрээнд яригдаж байгаа мэдээллээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан МАН-аас Дархан-Уул нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Тэгвэл Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан Говь-Алтайдаа даагаа нэхэхээр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн мөн л ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Шинэ Сонгуулийн хуулиар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт багагүй “эрх мэдэл” ногдож байгаа тул Т.Аюурсайханыг МАН засгаас гарсан гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар нэгдэж байгаа тул О.Ганбатыг чөлөөлөх нь зөв гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна. Ядаж байхад гаалийнхан авлига авдаг гэх дуулиан дэгдэж үүнээс болоод түүнийг чөлөөлжээ. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс гааль, татварын газрыг нэгтгэхээр болсон. Энэхүү орон тоон дээр хэнийг томилохоо Сангийн сайд шийднэ. Тэгэхээр Б.Болор сайдын төлөөний хүн дээрх байгууллага дээр очих нь дамжиггүй.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн хувьд Баянголоос нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байна. Учир нь З.Энхболдын үй зайгүй найз С.Эрдэнэ жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдэх магадлал өндөр тул, түүнийг өөрийнхөө оронд Баянголоос сойхоор бэлтгэж байгаа болов уу хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа юм. Энэ таамаглал оргүй хоосон гэхэд хэцүү.

Ийнхүү 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн агентлагийн даргын эзгүй суудлын төлөө эрх мэдэлд дурласан дараагийн ээлжийнхэн хөдөлгөөнд орсон гэх сураг байна.

Б.ХОНГОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна