МАН, МАХН хоёр Засаг огцруулах уу?

2015 оны 12 сарын 28

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Шинэ жилээр бид Засгийн газарт сюрприз барина” гэдгээ мэдэгдсэн юм. Энэ тухай нь тодруулахад "Өнөөдөртөө багтаад мэдэгдэх болов уу” гэсэн хариулт өгсөн.

Тэгвэл Төрийн ордонд “МАН, МАХН-ын гишүүд нийлж, Засгийн газрыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэх болсон гэх “бор шувуу” нисээд байна. Энэ талаар бид УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Ордонд нисэж байгаа бор шувуу. Мэдэх юм алга. Наад мэдээлэл чинь үнэн бол сайн л хэрэг” гэсэн тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүүн Г.Уянга Дубайд зурсан Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг Монголд хохиролтой болсон хэмээн үзэж, өнгөрсөн есдүгээр сараас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах хуулийн төсөл мэдүүлэхэд шаардагдах гарын үсгийг гишүүдээс цуглуулж эхэлсэн. Эл төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 14-д хүрсэн ч зарим гишүүн татгалзсан.

Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах төсөл мэдүүлэхэд дэмжсэн 19 гишүүний гарын үсэг байх ёстой.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна