Иранд хөлбөмбөгийн тоглолтуудыг цуцалжээ

2015 оны 12 сарын 28

 

Ираны нийслэл Тегеран хотноо агаарын бохирдлын улмаас ням гаригт /XII.27/ спортын бүх арга хэмжээг цуцалжээ. Тегераны агаарын бохирдол хэвийн хэмжээнээс гурав дахин нэмэгдсэн тул ням гаригт /XII.27/ болохоор товлосон хөлбөмбөгийн хоёр тоглолтыг цуцалсан байна.

 

Агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэгдсэнээр Тегераны сургууль, цэцэрлэгүүдийг гурав хоног хаасан юм. 14 сая хүн амтай Тегеранд агаарын бохирдлын эсрэг зүрхний өвчтэй хүмүүс, өндөр настан, хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Тегеранд таван сая автомашин, мөн тооны мотоцикл байдаг бөгөөд энэ нь хорт утааны 80 орчим хувийг үүсгэдэг аж.

 

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Тегеранд 400 орчим хүн зүрх болон амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хэвтсэн байна. Ираны эрүүл мэндийн сайдын мэдээлснээр 2012 оноос хойш Тегеранд 4500 хүн агаарын бохирдлын нөлөөгөөр үүссэн өвчлөлөөр нас барсан гэнэ. Энэ тоо Иран улсын хэмжээнд 80 мянга орчим болох аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна