Тогны мөнгөө төлөхөд “Торох юмгүй” болжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Тогны мөнгөө төлөхөд “Торох юмгүй” болжээ

Нэг удаа гадаад яваад ирэх хооронд тогны мөнгө төлөөгүй гээд цахилгааны хязгаарлалт хийснээс болоод хөргөгч маань аюултай ихээр хэлмэгдсэн юм. Түүний мөрөөр зарга хийж явсаар байгаад "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компаний үйл ажиллагаа, шинэчлэлттэй танилцах завшаан тохиолдов. Томхон бас уйгагүй гомдол байсан тул компаний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү гэдэг залуутай нүүр тулан асуудлаа хэлсэн би, түүний салбартаа хийсэн шинэчлэлт, цахимжуулалтыг сонсоод өөрөөсөө ичээд гарсан юм. Тэгээд мэдсэн зүйлсээ хуваалцаж байгаа нь энэ.

Ер нь энэ технологийн дэвшил биднээс үл хамааран илүү ухаалаг болж байна. Түүнийг цахилгаан түгээхийнхэн маш соргогоор ашиглан олон зүйлсийг цахимжуулж чаджээ. Өнөөх ажлын цагтаа баригдаад тогны мөнгөө төлж чадаагүй, гадаадад байсан тул чадсангүй, тог таслахыг мэдээгүй, тогны мөнгө үнэн гарч байгаамуу үгүй юу? гэх мэтийг бүгдийг шийджээ.

Нэгдүгээрт, иргэн та 70047004 лавлах утасруу яриад өөрийнхөө гэрийн хаягийг хэлснээр хэрэглэгчийн КОД-той болох хэрэгтэй. Бас нэг гар утасны дугаараа тэнд тэмдэглүүлэх хэрэгтэй. Үүний дараа www.my.tog.mn сайтруу ороод өөрийн хэрэглэгчийн кодыг ашиглан өөрийн тэмдэглүүлсэн гар утсандаа нэвтрэх нууц дугаарыг авчихна. Тэр нууц дугаараар эхлэж нэвтрээд дараа нь өөрийн мартахгүй амар дугаар болгон сольж болох тул санаа зоволтгүй. Ингээд л та өөрийн цахилгааны хэрэглээг хянах, цахилгааны төлбөрөө цахимаар төлөх боломжтой болчихож байгаа юм.

Түүнээс гадна танай байрны орчимд хэзээ засвар үйлчилгээний ажил хийгдэж тог түр хугацаагаар тасрах, цахилгааны төлбөр чинь хэд гарсан, хэзээ төлөх ёстой тухайх мэдээллийг гар утсандаа мессежээр хүлээн авдаг болно.

Хоёрдугаарт, та энэхүү сайтаар дамжуулан төлбөрөө бүх банкны картаар тэр байтугай Мобикомын Candy оноогоороо ч төлөх боломжтой. Удахгүй Юнителийн GG бас үйлчилдэг болно гэсэн.

Гуравдугаарт, та өөрийн гэрээндээ шинэчлэлт хийх, тоолуурынхаа заалт болон хүчинтэй хугацааг харах, сүүлийн 12 сарын цахилгааны төлбөрөө мөнгөн дүнгээр болон квТц-аар нь харах боломжтой.

Дөрөвдүгээрт, 70047004 дуудлагын төвтэй холбогдон асуудлаа шийдүүлсэн бүх түүхээ харах боломжтой. Таны яриа бичигдсэн байгааг ч сонсч болно. Цахим хөгжил ийм сайхан баримттай. Би тэгж хэлсэн гэж хэн хэн нь мэлзэх аргагүй амар юм билээ.

Тавдугаарт, хэрэв та ухаалаг утастай бол “ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ” гэдэг аппликейшнийг гар утсандаа үнэгүй суулгаарай. Ингэснээр та гар утсан дээрээсээ дээрхи бүх мэдээллүүдийг авах, төлбөр хийх, цахилгааны хэрэглээгээ хянах боломжтой болно.

Ийнхүү хэрэглэгчдэдээ ойртож, илүү түргэн шуурхай үйлчилэх нөхцөлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийхан бүрдүүлжээ.

Та тус компаний үйл ажиллагаатай танилцах, цахилгаан эрчим хүчний шинэ хэрэглэгч болох, техникийн нөхцлийн хүсэлтийг онлайнаар өгөхийг хүсвэл зүгээр л www.tog.mn хаягаар орж сонирхоорой. Энэ сайтыг ашиглан гүйцэтгэх захирал С.Төмөрхүүтэй шууд холбогдож мэдээлэл авах, Цахилгаан хэрэглэгчдэд зориулсан маш ойлгомжтой дэлгэрэнгүй гарын авлагыг үнэгүй татан авч танилцах боломжтой болно.

Нийслэлийн өрх бүр цахилгаан эрчим хүчний буяныг эдлэж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангагдаж байхын ерөөл өргөе!

Г.АНЖИГАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж