Адууны ясны кальцийн бэлдмэл эзнээ 100 саяын эзэн болгов

2015 оны 12 сарын 28

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналын 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна. Шагнал гардуулах мөчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ:

-Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн байгуулагад хоёр жил тутамд нэг удаа олгодог шагнал юм. Энэ жилийн Технологийн дэвшлийн шагналыг Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын адууны яснаас гаргаж авсан, яс бэхжүүлэх кальцийн бэлдмэлд олгохоор шийдвэрлэлээ. Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэлийг олон жилийн судалгааны ажлын үр дүнд, орчин үеийн био технологи, био химийн судалгааны аргаар гарган авсан байна. Эх орны нөхөн сэргээгдэх, хоёр дахь түүхий эд болох адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалан зохион бүтээсэн байна. Уг экологийн цэвэр бүтээгэдхүүн нь мэдлэг шингэсэн, анагаах ухааны чадвар сайтай импортын орлох шинэ брэнд олж чаджээ гэсэн юм.

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба:

-Энэхүү хүндэт шагналыг авсанд баяртай байна. Миний цаашид хийж бүтээх урам зориг улам сэргэж байна. Би энэ шагналын 100 сая төгрөгийг цаашид үе мөчний өвчнийг анагаах, зүрх судасны өвчнийг эмчлэхэд зориулсан байгалийн гаралтай эм бэлдмэл бүтээхэд зориулах болно. Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр нь шинжлэх ухаан байдаг. Энэ жишээг олон орон харуулсан. Тиймээс цаашид олон эрдэмтэн төрөн гарч, улс орноо хөгжүүлнэ гэдэгт итгэл төгч байна. Нийт ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе гэлээ.

Т.ДАВААНЯМ
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна