Цэцийн орлогчийн үнэтэй хобби

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Цэцийн орлогчийн үнэтэй хобби

Цэцийн орлогч дарга Н.Жанцангийн хобби нэг тэрбум 250 сая төгрөгөөр үнэлэгддэг

Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга үнэтэй цуглуулгаараа Монголд толгой цохьдог. Монголын хамаг л үнэтэй, ховор сонин хөөрөг эл эрхмээр дамжсан гэдэг. Одоо ч түүнд хэдэн зуун саяар үнэлэгдэх хөөрөг цөөнгүй бий. Н.Жанцан гавьяат хуульч хөөрөгнөөс гадна эртний марк, мөнгөн тэмдэгт цуглуулах хоббитой.

Түүнд 1924-1960 оныг хүртэлх онц тун ховор маркны цуглуулгач байдаг. Түүгээрээ “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” ном гаргасан нь “Сингапур-2015” Дэлхийн маркны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртсэн билээ. “Сингапур-2015” үзэсгэлэнгийн үеэр Н.Жанцан хуульчийн цуглуулгаас нэг шүирхэг нь л 50-100 сая төгрөгийн үнэд хүрч, захидлын ховор дугтуй 100 мянган ам.доллараар зарагдаж байсан. Үндсэн хуулийн цэцэд 23 жил ажиллаж байгаа Н.Жанцан эртний ховор эд зүйл цуглуулах хоббитой. Түүндээ ч багагүй мөнгө, цаг хугацаагаа зориулдагаа нуудаггүй. Тэрбээр “Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Мөн үнэтэй, ховор хөөрөгнүүдийнхээ цуглуулгаар “Монголын шилдэг хөөрөг” каталоги гаргасан билээ.

Гавьяат хуульч Н.Жанцан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг тэрбум 250 сая төгрөгийн үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлжээ. Харин түүний жилийн орлого 63 сая 648 мянган төгрөг. Хадгаламжиндаа 330 сая гаруй төгрөгтэй. 275 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай нэгэн.

Насаараа төрд зүтгэсэн нэгэн тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл цуглуулж чадсан нь анхаарал татахаас аргагүй. Тэрбээр 1972-1986 оныг хүртэл прокурорын байгууллагад ажилласан. 1986-1990 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан намтартай. Харин 1992 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар ажиллаж байгаа билээ. Түүнд эрхэлдэг бизнес байхгүй. Компаниас хувь эзэмшдэггүй. Насаараа Үндсэн хуулийн манаанд байгаа эрхэм тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэл цуглуулж чадсанаараа олны анхааралд өртөхөөс аргагүй. Тэрбээр ойр дотныхоо хүмүүст цуглуулгаасаа үнэтэй хөөрөг бэлэглэдэг гэдгээрээ мөн л алдартай.

Н.Жанцан гавьяат хуульчийн дэлхийд цор ганц, ур хийцээрээ гайхагддаг хөөрөгнүүдийг танилцуулж байна.

1.Цэрэндүг бурхан болон Морин сийлбэртэй их гарын шүрэн хөөрөг. 19 дүгээр зуун. 10.6 см өндөр

2.Луу сийлбэртэй их гарын хаш хөөрөг, 19 дүгээр зуун. 11.4 см өндөр

3.Ёроолдоо эртний Хятадын дөрвөн ханз бичээстэй хаш хөөрөг. 19 дугаар зуун. 9 см өндөр

4.Ноён, хатан хэрэглэж байсан ижил сийлбэр, ижил ханз бүхий хос пийсүү хөөрөг. 18 дугаар зуун. 8,6 см өндөр (Энэхүү хөөрөг нь Өмнөговь аймгийн Богд сумаас гаралтай, Ноён хөөрөг нь 1992 онд Хятад улсад зарагдсан байсныг нь 2012 онд үнэ цохиж худалдаж авсан)

5.Цагаан гартаам судалтай, их гарын халтар манан хөөрөг. 18 дугаар зуун. 11.8 см өндөр

6.Дөрвөн ханз бичээстэй, барын арьсан хээ бүхий халтар манан хөөрөг. 18 дугаар зуун. 10.2 см өндөр

7.Хул азарга, хул гүүний сийлбэртэй хоёр өнгөтэй чүнчигноров хөөрөг. 18 дугаар зуун. 9.6 см өндөр

8.Царцаа сийлбэртэй, гурван өнгөтэй чүнчигноров хөөрөг. 18 дугаар зуун. 8.4 см өндөр

9.Утаат болор хөөрөг. 19 дүгээр зуун. 10.5 см өндөр

10.Арван зургаан найдан сийлбэртэй Зааны ясан хөөрөг. 19 дүгээр зуун. 11 см өндөр

11.Япон хадагтайн дүрс бүхий сийлбэртэй зааны ясан хөөрөг. 18 дугаар зуун. 10.7 см өндөр

12.Чулуужсан модон хөөрөг. 18 дугаар зуун. 8.3 см өндөр

ЭХ СУРВАЛЖ: WWW.TIMES.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж