Сонгуулийн хууль зөвшилцлөөр батлагджээ

2015 оны 12 сарын 28

УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсантай холбогдуулж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга А.Бакей “Сонгуулийн хууль нь УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн зөвшилцлөөр батлагдсан. Өмнөхөөсөө дэвшилттэй сайн хууль батлагдсан” гэлээ.

Хуульд тусгаснаар сонгууль холимог тогтолцоогоор буюу 48х28 хувилбараар, сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байна.

Автомат машинаар уншуулсан саналын хуудасны 50 хүртэл хувьд техникийн тооллого хийнэ.
Санал авах босгыг 28-аар тогтоож байсныг байхгүй болгосон. Ингэснээр дахин сонгууль хийх шаардлагагүй болсон гэдгийг онцоллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “28-ыг таван бүс болгох асуудал яригдаж байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, парламентад суудалгүй намууд эсэргүүцсэн учраас хуучнаар нь үлдээсэн. Гэхдээ 28-ын ард намууд хэн, хэнийг нэр дэвшүүлснийг сонгогчдод тодорхой болгох зорилгоор саналаа өгөхөөр ирэхэд нь нэрсийн жагсаалтыг харж, сонголтоо хийх боломжийг нь олгохоор шийдсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн тайлбарласнаар бол сонгуультай холбоотойгоор цацаж байгаа мэдээлэл нь ардаа эзэн хаягтай байна. Хэрвээ нэр дэвшигч нь бусдыг гүтгэж, худал мэдээлэл цацуулсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдыг гүтгэсэн мэдээлэл цацсан тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Энэ бүхэн нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд авах арга хэмжээ гэдгийг тодотголоо.

Мөн улс төрийн албан тушаалтан УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх бол сонгууль болохоос 6 сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх бол орон нутгийн сонгуульд нэр дэвших улс төрийн албан тушаалтан тухайн сонгууль болохоос 4 сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.

Зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх албан тушаалтнуудад төрийн өмчит компанийн захирал мөн хамаарч байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байх аж.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна