Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ

2015 оны 12 сарын 28

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар өнөөдөр /2015.12.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан энэхүү хууль нь 2016 оны 01 дүгээр 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгааг онцлоод, хуульд орсон гол гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, “Үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг, “үндэсний кино” гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн кино байхаар заажээ. Түүнчлэн Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд туссан талаар танилцууллаа.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөөд, хууль батлагдаад 10 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд бэлтгэлээ хангасан гэдэгт найдаж байна гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна