Иргэншилгүй хүүхдүүд

2015 оны 12 сарын 29

 

Европт нүүрлээд буй дүрвэгсдийн хямралын бас нэг асуудал нь аль ч улсын иргэншилгүй хоцорч буй асар олон хүүхэд юм. Хямрал энэ хэвээр удаан үргэлжилвэл иргэншилгүй бүхэл бүтэн үе гарч ирэх ажээ.

 

Хүйсийн тэгш эрхийг хангаагүй Сирийн хууль болон Европын холбооны хуулийн хамгаалалт сул зэрэг шалтгааны улмаас Сирид төрсөн дүрвэгсдийн хүүхдүүд Европт очихдоо иргэншилгүй үлдэх эрсдэлтэй тулгарч байгаа юм. Дэлхий даяар ийм эрсдэл 10 сая гаруй хүний өмнө тулгараад байна.

 

Сирийн хуулинд хүүхэд зөвхөн эцгээр овоглож, гэрчилгээ авах эрхтэй гэж заасан байдаг. НҮБ-аас гаргасан судалгаагаар Сирийн дүрвэгч хүүхдүүдийн 25 хувь нь эцэггүй гэнэ. Харин Европт суурьшихийг хүсч буй тэдгээр дүрвэгч эмэгтэйчүүдийн нөхрөө дайнд алдаж бэлэвсэрсэн, бас жирэмсэн эмэгтэйчүүд ч олон байгаа юм.

 

Өнгөрсөн жил Сирийн дүрвэгч, ганц бие эмэгтэй Санаа Берлинд Сиба охиноо төрүүлжээ. Тэрбээр Герман дахь Сирийн Элчин сайдын яаманд очиж учир байдлаа тайлбарласан боловч түүний хүүхдэд төрсний гэрчилгээ олгох боломжгүй гэжээ. Учир нь хүүхдийн эцэг нь Сири хүн байхаас гадна, тэд заавал гэрлэсэн байх ёстой ажээ. Европын бусад орны нэгэн адил Герман тус улсад төрсөн хүүхдэд шууд иргэншил олгодоггүй юм. Ийм шалтгаанаар Сиба охин аль ч улсын иргэншилгүй хоцорчээ.

 

Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болон олон улсын гэрээний дагуу улс орнууд тухайн улсын нутаг дэвсгэр дээр төрсөн ямар ч хүүхдэд заавал иргэншил олгох үүрэгтэй. Европын холбооны зарим орнууд энэ зарчмыг хуулиндаа тусгасан байдаг ч хэрэгжүүлдэггүй байна.

 

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор Европт одоо аль ч улсын иргэншилгүй 680,000 хүн байгаа юм. Харин шинжээчид бодит тоо үүнээс ч их гэж таамаглаж байна. Иргэншилгүй хүмүүсийн асуудал зүүн өмнөд Азид ялангуяа хамгийн тулгамдсан асуудал билээ. НҮБ-ын явуулсан судалгаагаар Мьянмарт л гэхэд иргэншилгүй 810,000 хүний хувь заяа толгойн өвчин болж байгаа аж. Урьд хожид үзэгдээгүй их дүрвэгчтэй тулгараад буй Европт иргэншилгүй иргэдийн тоо улам нэмэгдэх төлөвтэй байгаа билээ. Балтийн тэнгис орчмын орос хэлтэй Румыньчууд энэ зовлонг хамгийн их амссан хүмүүс юм.

 

Европ руу гарсан Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдийн хэдэн хувь нь иргэншилгүй хоцорч байгааг хэлэхэд хэцүү ч тэд Сиба шиг нөхцөл байдалд байгаа нь гарцаагүй.

 

Дүрвэгсдийн хямралын хажуугаар иргэншилгүй хүүхдүүдийн асуудал Европын орнуудын толгойн өвчин болоод байгаа юм. Шинжээчдийн хэлж буйгаар зарим дүрвэгчид хүүхдүүд нь иргэншилгүй гэдгийг ч ойлгохгүй яваа гэнэ. Хамгийн санаа зовоож буй зүйл нь дүрвэгчдийн хүүхдүүд насанд хүрэх хүртлээ аль ч улсын иргэншилгүй гэдгээ мэдэлгүй өсдөг. Тэгээд нэг л өдөр ажил хийх, гэрлэх, өмчтэй болох, сонгууль өгөх, сургууль төгсөх хууль ёсны эрхгүй гэдгээ олж мэднэ.

 

Сирид хэрвээ хүүхэд төрсний гэрчилгээ аваагүй л бол байхгүйтэй адил гэсэн үг юм. Сирийн дүрвэгсдийн багагүй хувь нь суурьшсан хил залгаа хөрш орнуудад иргэншилгүй хүүхдүүд тулгамдсан асуудал болоод байгаа ажээ.

 

НҮБ-ын мэдэгдэж буйгаар Ливан дахь Сирийн 30,000 дүрвэгчийн хүүхэд иргэншилгүй үлдэж магадгүй байна. Дүрвэгсдийн олон улсын байгууллагын судалгаагаар 2011 оноос хойш Туркт төрсөн Сирийн дүрвэгсдийн 60,000 хүүхэд яг ийм нөхцөл байдалд байна.

 

Дээрх орнуудад дүрвэгчид хүүхдийнхээ төрөлтийг зохих журмын дагуу бүртгүүлж чаддаггүйгээс иргэншилгүй үлдэх тохиолдол олон гардаг. Түүнчлэн хүүхдийн эх нь хүчингийн хэргийн хохирогч болсон, насанд хүрээгүй гэрлэсэн зэрэг шалтгааны улмаас хүүхэд нь аль ч улсын иргэншилгүй үлдэх нь бий.

 

Сири болон бусад үймээн самууны халуун цэгүүдэд ямар аймшигтай хүчирхийлэл гарч буйг хэмжих боломжгүй. Гэвч маш их гэдэг нь гарцаагүй. Энэ бүх шалтгааны улмаас эцэг нь нас барсан, эсвэл сураггүй алга болсон бол хүүхдийг нь төрсний бүртгэлд бүртгэх аргагүй болж байгаа юм.

 

Германы иргэний бүртгэлийн газрын ажилтнууд Сиба охиныг иргэншилгүй гэж тодорхойлохын оронд Сирийн дүрвэгч гэж бүртгэж авсан юм. Гэвч Сирийн хуулинд зааснаар Сиба Сирийн ч иргэн биш ажээ.

 

НҮБ-ын судалгаагаар дэлхийн хаа нэгээ 10 минут тутамд иргэншилгүй иргэн төрж байна. Йордан, Туркийн эрх баригчид дүрвэгсдийн хүүхдийн бүртгэлийг сайжруулах арга хэмжээ авч эхэлсэн. Гэсэн ч хүүхдэд Сирийн иргэн гэдгээ батлах хангалттай нотолгоо байхгүй бол түүнийг хүүхдийг албан ёсоор бүртгэж, иргэншил олгоход бас л хаалга мөргөх мэдэх ажээ.

 

Сибагийн ээж Санаагийн хэлж буйгаар нийгмийн хуучинсаг хандлагын улмаас Сирид ганц бие ээж байх боломжгүй, шившиг гэж үздэг байна. Тиймээс тэрбээр охиныхоо хамт ямар ч байсан Германы иргэд болно гэж итгэж найдан хүлээж байгаа ажээ. Гэвч түүнд Герман улс иргэншил олгоно гэсэн баталгаа байхгүй.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна