Дүрвэгсдийн жил

2015 оны 12 сарын 29

 

-NEWS агентлаг 2015 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна-

 

2015 он дүрвэгсдийн жил байлаа. Хөлөг онгоцоор, завиар хэдэн зуу, хэдэн мянгаар Европыг зорих дүрвэгсдийн урсгал тасрахгүй байна. Үймээн самуун, дайн дажин, хавчлага мөрдлөг, хүчирхийллээс дайжсан тэдгээр хүмүүс амар тайван амьдрал хайж ийн эх орноосоо дүрвэн зугатаж байгаа юм.

 

 

Европ руу цагаачлах үзэгдэл өмнө ч байсан. Гэвч 2015 онд Европын орнууд урьд хожид байгаагүй их дүрвэгчдийг хүлээн авчээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын илтгэлд дурьдсанаар 2015 он бол дүрвэгсдийн тоо дэлхий даяар анх удаа 60 сая гарч, дээд амжилтыг эвдсэн жил ажээ. Энэ нь дэлхийн 122 хүн тутмын нэг нь эх орноо орхин гарч буй гэсэн үг юм. Энэ тоо өнгөрсөн 2014 оны эцсээр 59.5 сая байсан юм. Энэ жилийн дунд үед эх орноосоо дүрвэсэн хүмүүсийн тоо 34 сая хүрсэн нь 2014 оны мөн үеийнхээс даруй хоёр дахин их тоо юм. Өнгөрсөн гуравдугаар сард Йеменд иргэний дайн дэгдэхэд 933,500 хүн дүрвэсэн нь хамгийн олонд тооцогдож байна.

 

Европчуудыг наашаа харж инээж, цаашаа харж уйлах гэдэг шиг нөхцөл байдалд оруулаад буй дүрвэгсдийн тэр их урсгал хүмүүнлэгийн, ложистикийн болон улс төрийн хямрал үүсгэсэн билээ.

 

 

2015 онд юу болсон бэ?

 

Афганистан, Ойрхи Дорнодын ужиг хямрал, Сирийн иргэний дайн болон хэний ч таамаглаагүй алан хядагч Исламын улс (ИУ) бүлэглэл гэгч гарч ирсэн нь асар олон хүнийг орон гэрээ орхин, Европыг зориход хүргэсэн юм.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Европ руу гарах гэж байсан Ливийн дүрвэгсдийн хөлөг онгоц далайд сүйрч, живсэн эмгэнэлт хэргээс хойш дүрвэгсдийн асуудал олны анхаарлыг татаж эхэлсэн. Харамсалтай нь, орон гэрээсээ дүрвэсэн тэдгээр хүмүүст бүгдэд нь аз тохиодоггүй. “Хил хязгааргүй эмч нар” олон улсын тусламжийн байгууллагын ерөнхийлөгч Лорис Де Филиппийн ярьж буйгаар Газар дундын тэнгист живсэн дүрвэгсдийн “чимээгүй хот” бий болоод байгаа ажээ.

 

Европын холбоо дүрвэгсдийн асуудлаар яаралтай арга хэмжээ авалгүй, хөдөлж ядаж байх зуур 3,692 хүн Европын эрэгт хүрч чадалгүй далайд осолдоод байна. Европыг зорьсон дүрвэгсэд голдуу Туркээс Газар дундын тэнгис гатлан ирж байгаа юм. Тэдний дийлэнх нь Грект очдог ч аяллаа тэнд дуусгалгүй цаашаа илүү боломжтой Герман руу гарахыг илүүд үздэг. Гэвч тэнд ч аюул дуусахгүй. Нэгэн жишээ дурдахад Австри руу гарах гэж байсан 71 дүрвэгч ачааны машин дотор нас барсан байхыг олсон билээ. Гэвч ийм эрсдэл дүрвэгсдийн урсгал саарахад нөлөөлөхгүй байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо ч буурахгүй байна. Өнгөрсөн есдүгээр сард Туркийн эрэг дээр амиа алдсан гурван настай хүүгийн цогцос давалгаанд цохигдон эрэг дээр хаягдсан байсан юм. Аилан Курди хэмээх гуравхан настай жаахан хүүгийн үхэл дэлхий нийтийг хирдхийлгэж, Европын орнуудад дүрвэгсдийн асуудлаар яаралтай арга хэмжээ авахыг сануулсан. Грек, Македоноор дамжин Сербиэс Австри, Унгар, Германыг зорьсон дүрвэгчдийг зарим орон угтан авч байгаа ч тэднийг амьтан шиг үзэх улс ч байгаа юм.

 

 

Европыг дайрсан дүрвэгсдийн урсгалууд

 

Дэлхийн I дайнаас хойш Европ эх орноосоо дайжсан дүрвэгсдийн үерийн урсгалд хэд хэдэн удаа автсан билээ. 1914 оны наймдугаар сард Нидерланд, Франц, Их Британийг зорьсон бельгичүүдийн урт цуваа сонин дээр гарахад Европчууд ийм зүйл ахиж хэзээ ч гарахгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Нацистын Германд эзлэгдсэн эх орноо орхин дүрвэсэн тэдгээр хүмүүс хүүхдүүдээ тэврэн, хөтлөхийг нь хөтлөн үнэтэй гэсэн зүйлээ авч явж байв. Их Британид тухайн үед 250,000 дүрвэгчийг хүлээн авсан байдаг.

 

Дэлхийн хоёр дайны дунд үед ч дүрвэгсдийн цуваа зогссонгүй. Испани, Хятадаас ч хүмүүс олноороо Европыг зорьсон юм. 1945 онд эх орноосоо дайжсан, айдас хүйдэст автсан, өчүүхэн найдлагааас өөр зүйлгүй дүрвэгсдийн дүр зураг өнөөдрийнхөөс ялгаагүй байсан юм. Тэр үед 12 сая хүн Польш, Чехословак, ЗХУ-аас Герман руу дүрвэн гарсан юм.

 

 

Дайны дараах шилжилт

 

Дайны дараах дүрвэгсдийн зураг өмнөх үеийнхээс ялгаатай нь өнгөтөөр үлдсэн байдаг. Гэвч америкчуудын бөмбөгдөлтөөс зугатсан Вьетнамын дүрвэгсдийн нүд зовлон, шаналлаар дүүрэн байв. Коммунист дэглэм, хавчлага мөрдлөгөөс зугатаж, Хонконг руу хэдэн мянган хүн дүрвэсэн.

 

1970-аад онд Кени, Угандагаас хэдэн мянган дүрвэгч Их Британид очиход “Бидэнд дүрвэгч хэрэггүй”, “Гэртээ харь” гэсэн антогонист лоозон угтаж авсан нь өнөө үед бараг өөрчлөгдсөнгүй. Европыг зорьсон дүрвэгсдийн өмнөх урсгал нь 1998, 1999 оны Косовогийн сербичүүдийн угсаатны цэвэрлэгээ гэх хядлагаас зугатсан албаничууд байв. Европыг дайраад буй дүрвэгсдийн давлагаа өмнөхөөс ялгаатай нь дийлэнх нь мусульман шашинтнууд байгаад учир нь байгаа билээ.

 

Харамсалтай нь сүүлийн үед дэлхий нийтийг цочирдуулсан аймшигт халдлага, алан хядлагыг мусульман шашинтнууд үйлдсэн бөгөөд тэд барууны ертөнцийг буруу номтнууд гэж дайн зарласан юм. Энэ бүхэн нь мусульман шашинт голдуу тэдгээр дүрвэгчдийг аюул гэж харагдуулж байгаа нь илэрхий.

 

 

Дүрвэгсдийн урсгал саарах уу?

 

Дүрвэгсдийн урсгал ирэх онд зогсох эсэхийг хэн ч хэлж чадахгүй. Учир нь Сири, Афганистан, Ирак дахь үймээн самуун, дайн үргэлжилсэн хэвээр байна. Дээр нь Африкаас Европыг зорих цагаач, дүрвэгчдийн урсгал татраагүй байна.

 

Дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Ойрхи Дорнодын хямралыг арилгахаас өмнө Европын орнуудад орогнол хүссэн хэдэн зуун мянган дүрвэгчийн асуудлыг шийдэх хариуцлага тулгарч байна. Үүний хажуугаар Турк, Йордан болон бусад оронд бий болсон дүрвэгсдийн хуарангууд толгойн өвчин болж үлдэж байна. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол асуудал нь Сирийн дүрвэгсдийн асуудлаар ямар арга хэмжээ авах тухай байгаа юм.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна