Хөгжлийн түгжээг мулталлаа

2015 оны 12 сарын 29

-NEWS агентлаг 2015 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна-

Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гарч ирсний хувьд Ч.Сайханбилэг амалсан ёсоороо Оюутолгойг урагшлуулж, улс төрийн биш цэвэр бизнесийн төсөл болсныг дэлхий дахинд зарлав.

Хаа сайгүй хямралаар “бөөлжсөн”, хар бараан мэдээлэл зонхилсон 2015 оны хамгийн сайхан мэдээ нь яалт ч үгүй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Улаанбаатар хотноо үзэглэсэн явдал байлаа. Гэвч нөгөө талдаа энэхүү үйл явдлыг эсэргүүцэн шүүмжлэгчид, эрдэс баялгийн зах зээл дэх Монголын гол өрсөлдөгчдийн хувьд хамгийн таагүй, хамгийн муу мэдээ болж хүрсэн ч байж магадгүй юм.

Улаанбаатарын тэсгим өвлийн хүйтнээр үзэглэсэн энэхүү үйл явдлын араас хар цагаан мэдээлэл Монголын болон гадаадын хэвлэлүүдээр хөвөрч, шинэ жилийн баярын уурс амьсгал дундах шинэ, содон мэдээлэл хэвээрээ байна.

Хоёр жилийн турш өөх ч биш булчирхай ч биш байсан асуудлыг нэг тийш нь шийдэж, Монгол зэсийн томоохон тоглогч болон дэлхий нийтийн анхааралд дахин орж чадсанаараа зугатсан мөнгө, дүрвэсэн хөрөнгө оруулагч, алдагдсан итгэл, алдсан боломж эргэн ирэх эерэг хүлээлт эдийн засагт нэгэнтээ бий болжээ. Энэ төсөл бол ХХI зууны хамгийн том бүтээн байгуулалт болно гэж монголчууд төдийгүй гадныхан ч хүлээж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, арилжааны 15 банкнаас зээл авсан Оюутолгой төслийг Монголынх биш болсонд харамсан халаглах нэгэн байхад энэ төсөлд дэлхийн хяналт, хариуцлага орж ирж байгаад нь баярлах нөгөө нь ч байна. Ямар ч байсан баялгаа гадныханд алдах вий гэсэн Монголын өмнөөс мөнгөө Оюутолгойд итгэн өгсөн гадаадын 15 банк “Рио Тинто”-г хянахаар болж байгаа нь сайн хэрэг.

Энэхүү зээлийг авахын тулд “Рио Тинто” нэр төр, хөрөнгө мөнгөө дэнчин тавьсныхаа хувьд Оюутолгойг цэвэр бизнесийн төсөл хэлбэрээр, хэн хэндээ ашигтайгаар явуулахыг хүсэх нь мэдээж. Иймээс далд уурхайн бүтээн байгуулалтыг явуулснаараа бидний “зовлон” нэмэгдэж байгаа юм биш, манай хүртэх ашиг өсч буй гэж итгэж хүлээх л үлдэж байна. Нэгэнтээ хөдөлсөн галт тэргийг дундаас нь зогсоосноороо хамгийн их гэмтэж, хамгийн их өвдөллт мэдрэх хүмүүс нь монголчууд бид болов уу.

Гурван мянган хүнийг ажлын байраар хангаж, жилдээ 1.2 тэрбум долларыг Монголын эдийн засагт оруулна гэсэн урьдчилсан тоон үзүүлэлтээс гадна Оюутолгойгоос услагдан ургах олон компани мэндлэх болно гэж мөрийцсөн ч болно.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад нийтдээ 16 тэрбум доллар шаардлагатай. Эхний ээлжинд 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажил хийгдэх бөгөөд ирэх жилийн хоёрдугаар хагасаас энэхүү төслийн үр шим эдийн засагт мэдрэгдэж эхэлнэ гэсэн тооцооллыг эдийн засагчид хэдийнэ гаргажээ.

Төслийг хэрэгжүүлснээр бид роялти татвараа авахын зэрэгцээ Оюутолгой компани Монголын Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу 7-8 төрлийн татвар төлөх болно.

Нөгөө талаар олон улсын зах зээлээс том хэмжээний санхүүжилт татаж чадаж байгаа нь төсөл дэлхийн стандартад нийцэж байгаагийн нэг илрэл. Цаашлаад Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхлэхээр Монголын эзэмшлийн 34 хувь үнэд орох нь дамжиггүй.

Байгуулагдсан цагаасаа хойш Оюутолгой Монголд 10 их наяд гаруй тѳгрѳгийг, үүний хоёр тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Тэгвэл Оюутолгойн ордын зэс алтны 80 хувийг гүний уурхайгаас олборлоно гэж тооцоод, гүний уурхайн зэс, алтны агууламж, ил уурхайгаас илүү өндөр гэвэл эдийн засагчдын тооцоолж байгаагаар тус төслийн үр өгөөжийн 53 хувь нь Монголд үлдэхээр байгаа юм. Мэдээж, хувь нийлүүлэгчдийн хувьд зуу, зуун хувийн ашигтай төсөл гэж дэлхий дээр байхгүй нь тодорхой. Энэ үүднээс 53 хувийн ашиг нь Монголд үлдэнэ гэж үзвэл энэ төслийг бид дэмжээд явуулахаас өөр сонголт эдийн засагт ч үлдсэнгүй.

Оюутолгой компанийн вэб сайтад тавигдсан мэдээллээр тус компанид ажиллаж байгаа хүмүүсийн 95 хувь нь монгол, үүний 21.6 хувийг Өмнөговийнхон бүрдүүлж байгаа аж. 2015 оны III улирлын сүүлийн байдлаар “Оюутолгой” компани нь 885 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан гэсэн мэдээлэл байна.

Далд уурхайг ашиглалтад оруулахад долоон жил шаардагдахаар байгаа билээ. Энэ хугацаанд Монгол Улсад шууд орж ирэх хөрөнгө оруулалт есөн тэрбум ам.доллар.

  • Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
  • Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
  • Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн урьдчилсан тооцоог хувь нийлүүлэгчид гаргаад байгаа юм.

Монгол Улсын ногдол ашиг авах хугацаа 2037 он болж хойшлогдсон нь хөрөнгө оруулагчаас илүү бидний дотоодын улстөр, энэхүү төслийг хоёр жил гацаасантай холбоотой. Монголын талын ногдол ашиг авах хугацаа хүдрийн агууламж, борлуулалтын хэмжээ, зэс, алтны үнэ, санхүүжилтийн ѳртѳг, зээлийн эргэн тѳлѳлт, хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ зэргээс хамаарах нь мэдээж. Зэсийн үнэ доогуур байвал ногдол ашиг авах тооцоо нь хойшлох нь тодорхой. Тиймээс л хугацаандаа ногдол ашгаа авахын тулд манай улстөрчид багахан шиг улстөр хийгээсэй гэж залбирах л үлдэж байна.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэж, хөгжлийн түгжээг мулталснаар Монгол руу салхи ч эргэлээ, мөнгө ч эргэлээ.

Ж.НЯМСҮРЭН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна