Шинзо Абе буулт хийлээ

2015 оны 12 сарын 29

Дэлхийн II дайны үед япон цэргүүдийн үйлдсэн бусармаг гэмт үйлдлийн төлөө одоогийн ерөнхий сайд Шинзо Абе Өмнөд Солонгосын засгийн газраас албан ёсоор уучлалт гуйлаа. Түүнчлэн “зугаацуулагч бүсгүйчүүд” нэрийн дор япон цэргүүдийн хүчирхийлэлд өртсөн солонгос эмэгтэйчүүдэд нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ. Японы засгийн газар “зугаацуулагч бүсгүйчүүд”-ийн сэтгэл санааны хохиролд нэг тэрбум иений /8.3 сая ам.доллар орчим/ нөхөн олговрын сан байгуулахаар болсон аж. Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида Сөүлд айлчлах үеэрээ энэ тухай мэдэгдлээ. Ийнхүү АНУ-ын Азийн гол холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгосын харилцааны нэгэн том саад тотгор үгүй болов. Энэ хэрэгт Япон улс өмнө нь 1993 онд уучлал гуйж байсан юм.

 

 

“Зугаацуулагч бүсгүйчүүд”-ийн хэрэг дайнаас хойших 70 орчим жилийн хугацаанд Япон болон Өмнөд Солонгосын дипломат харилцааны хамгийн том зөрчил байсаар иржээ. Хоёр орны харилцаа сайжирснаар зөвхөн худалдаа, хамтын ажиллагаа нэмэгдээд зогсохгүй АНУ 75 мянга гаруй цэргээ Япон, Өмнөд Солонгост хуваан байршуулах гэрээг хэлэлцэх боломж нээгджээ. АНУ нь Хятадын цэргийн хүчирхэгжилт, Пхеньяны цөмийн зэвсэглэлийн эсрэг Япон болон Өмнөд Солонгост олон мянган цэргээ байршуулахаар зорьж байгаа аж. Энэ гэрээний асуудлаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе даваа гаригт /XII.28/ Японы ерөнхий сайд Шинзо Абетэй утсаар хэлэлцжээ. Мөн хоёр орон цаашид олон улсын тавцанд нэг нэгнээ шүүмжлэл, буруушахын оронд дэмжин туслаж байхаар тохиролцсон байна.

 

 

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе Японы ерөнхий сайд Шинзо Абе нар 30 гаран жилийн дараа анх удаа хоёр талын уулзалт хэлэлцээг хийсэн юм. Энэ уулзалтаар “Зугаацуулагч бүсгүйчүүд”-ийн асуудлыг шийдвэрлэхээр яридцаж тохиролцсон байв. Үүнээс өмнө өнгөрсөн 2014 онд хоёр орны дипломат албаныхан 20 гаруй удаа уулзаж ярилцсан аж. Түүнчлэн дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Шинзо Абе өнгөрсөн наймдугаар сард хэлсэн үгэндээ “Япон улс хэмжээлшгүй хохирол, зовлон шаналал учруулсан” хэмээн гэмээ хүлээсэн мэдэгдэл хийсэн юм.

 

Тацуя Като

 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч Пак Кын Хег доромжилсон гэх хэрэгт буруутгагдсан Япон сэтгүүлч Тацуя Катог цагаатгасан нь хоёр орны харилцаанд эерэг нөлөө үзүүлжээ. Японы "Санкэй шимбун" хэвлэлийн газрын дарга асан Тацуя Като нь өнгөрсөн онд “Сэвол” гатлага онгоц живсэн ослын дараа ерөнхийлөгч Пак Кын Хе юу хийж явсан талаар таамаг дэвшүүлэн нийтлэл бичсэн байв. Тэрбээр нийтлэлдээ Пак Кын Хе осол гарсан даруйд нөхцөл байдлыг хяналтдаа аваагүйгээс олон зуун хүний алтан амийг аварч чадаагүй хэмээн бичсэнээс эрүүгийн хариуцлагад татагдсан байв. Өмнөд Солонгосын прокурорууд түүнийг “хуурамч баримтад” тулгуурлан төрийн тэргүүний нэр хүндэд халдан доромжилсон хэмээн буруутгажээ.

 

 

Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртсөн солонгос эмэгтэйчүүдээс өдгөө 90 гарсан хэдэн хөгшчүүд үлдэж хоцорсон байгаа юм. Түүхчдийн хэлж буйгаар Японы цэргийн дарангуйлал дор 50 мянгаас 200 мянган ази эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөний ихэнх хувь нь солонгосчууд байжээ. Хүчирхийлэлд өртсөн Хятад, Солонгос бүсгүйчүүдэд зориулсан хүрэл хөшөөг Сөүл хотноо Үндэсний Их сургуулийн дэргэдэх цэцэрлэгт өнгөрсөн аравдугаар босгосон аж. Хоёр үндэстний төлөөлөл болсон, үндэсний хувцастай, 14 орчим насны охидыг бодит хүний хэмжээтэйгээр Өмнөд Солонгосын Гён-ги студид бүтээжээ. Япон нь 1910-1945 оныг хүртэл Солонгосын хойгийг колоничилж байсныг өдгөөг хүртэл зарим хөгшчүүд зэвүүцэн дурсдаг байна.

 

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна