Амиа золиослогч эмэгтэйчүүд халдлага үйлджээ

2015 оны 12 сарын 29

 

Нигерийн зүүн хойд хэсгийн хоёр мужид амиа золиослогч эмэгтэйчүүд халдлага үйлдэж, 50 гаруй хүний амийг хөнөөжээ. Нигерийн Адамава мужийн Магадали хотноо хүнсний зах дээр хоёр эмэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлснээс 25 хүн амь үрэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн хөрш Борно мужийн Майдугури хотноо амиа золиослогчдын халдлагын улмаас 30 гаруй хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж шархтжээ. Амиа золиослогч эмэгтэйчүүдийн халдлагыг исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэл зохион байгуулсан хэмээн хардаж байна.

 

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Нигерийн төрийн тэргүүн исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн эсрэг дайнд техникийн хувьд ялалт байгуулснаа зарлаад байв. “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн зургаан жилийн турш Нигерийн зүүн хойд хэсгийн мужуудад зэвсэгт халдлага үйлдэж, 17 мянган хүний амийг хөнөөн, 1000 гаруй охидыг сургуулиас гаргаж, 1.5 сая хүнийг орон гэргүй болгожээ. Түүнчлэн “Боко Харам” өнгөрсөн онд Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлсэн “Исламын улс” бүлэглэлд нэгдэж буйгаа зарласан билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна