СЗХ-ны дарга чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлжээ

2015 оны 12 сарын 29

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо юм. Харин өдгөө тус байгууллагыг толгойлж буй З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ. Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ. Монгол Улсын Их Хурал 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон бөгөөд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа 5 жил байдаг аж. Харин Санхүүгийн зохицуулах хорооны даргыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан тохиолдолд Улсын Их Хурал үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна